Энэ сарын 21-ны өдөр /2021.10.21/ 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Саруул тэнгэр 2 хотхоны хажууд Вьетнам улсын иргэнийг Монгол улсын гурван иргэн үгсэн хуйвалдаж хутга тулган их хэмжээний бэлэн мөнгө болон гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
-ВЬЕТНАМ УЛСЫН ИРГЭН ГЭР ЛҮҮГЭЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТЭЙ ОРОХ ГЭЖ БАЙГААГ МЭДЭН ЗАХИАЛГААР ТУС ХЭРГИЙГ ҮЙЛДҮҮЛСЭН-
Тодруулбал, хэргийн талаар маргааш нь буюу /2021.10.22/-ны өдөр 12:05 цагт нийслэлийн цагдаагийн албанд мэдэгдсэн ба цагдаагийн алба хаагчид халуун хэргийн мөрөөр шалгахад тус хотхоны *** байранд оршин суугч Вьетнам улсын иргэн Л.Д нь хэрэг гарсан өдөр 21:30 цагийн орчимд гар цүнхэндээ бэлэн 29 сая төгрөг, “Iphone-12”, “Iphone-X” маркын хоёр гар утсыг гэр лүүгээ авч орох гэж байхад нь Монгол улсын иргэн Д 40 настай эрэгтэйн захиалгаар иргэн Ч болон Х нар гадаад улсын иргэнд хутга тулган амь насанд нь заналхийлж, толгойд нь хар өнгийн малгай угласан байна.
Улмаар Тоёота приус-20 маркын автомашинд чирч суулган, авч явж дээрэмдэж, дарь эхийн ***** гэх газар орхиж явсныг цагдаагийн алба хаагч нар халуун мөрөөр шалгаж, шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Одоогоор тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Иймд иргэд болзошгүй аюулаас сэргийлж байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.