Орон сууцны ордерийг хуурамчаар үйлдэж бусдад түрээслэх замаар залилан хийдэг этгээдүүдийг Мөрдөн байцаах албаны ажилтнууд илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Урьдчилсан байдлаар тус этгээдүүд 10 орчим удаагийн үйлдлээр бусдад 30 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна.
Залилагчид байрны ордерийг хийхдээ зориулалтын цаас ашиглаж, эх хувиас нь ялгарахын аргагүй хийдэг. Мөрдөн байцаалтын явцад ордерийг хийхдээ хэвлэлийн компанийн ажилтнуудтай хамтран ажилласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид байрлал сайтай орон сууцыг түрээсэлж, ордерийг нь хуурамчаар хийдэг аж. Улмаар олон нийтийн сүлжээ болон сонинуудад зар тавьдаг байна. Түрээсийн байр хайсан иргэд зарын дагуу хандахад зах зээлийн ханшнаас доогуур, барьцааны мөнгө шаардахгүйгээр сар сард нь төлбөрөө төлж суухыг санал болгож, газар дээр нь мөнгө авч залилан хийдэг байна.