УИХ-ын гишүүн асан МУГЖ С.Жавхлан “Монголоо аваръя” нэртэй суулт хийгээд долоо хонож байна. Тэгвэл түүнийг Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг “шантаажилсан” гэх асуудал гарcан билээ Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. /2021.10.22/
Тэрбээр, "Энэ үйл явдал 10-р сарын 19-ны өдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж, МУГЖ С.Жавхлан, Баярмагнай нар Сангийн сайдаас Хамаг Монгол төсөл хэрэгжүүлнэ гэж 4 тэрбум төгрөг шантаажилсан гэж гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хийсэн. Үүнийг Цагдаагийн байгууллагаас хүлээн авч, Прокурорын байгууллагаас харьяалал тодорхойлуулсан. Прокурорын байгууллагаас Эрүүгийн Цагдаагийн албанд шалгахаар харьяалал тодорхойлсон.
Үүний дагуу Эрүүгийн Цагдаагийн албанаас Сангийн сайд Б.Жавхлан болон тухайн яаманд ажилладаг 3 гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлгийнхээ дагуу 20, 21 өдрүүдэд МУГЖ С.Жавхлан луу цагдаагийн байгууллагын утсаар 11 удаа залгасан ч утсаа аваагүй, мөрдөгчийн дуудах хуудас, прокурорын дуудах хуудас хүргүүлсэн ч хүлээж авсангүй. Хэрэв ирэхгүй бол дараагийн арга хэмжээ буюу шүүхийн захирамжаар албадан ирүүлэх арга хэмжээг авдаг. Өнөөдөр хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. УИХ-ын гишүүн асан, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн байсан хүн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах байх гэж бодож байна.
Мөн сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явахад биед халдсан гэдэг асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдлын Цагдаагийн байгууллага хүлээж аваад зөрчлийн хэрэг нээгээд 5.3.1-р шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.
Г.Мөнхбаяр