Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах цагдаагийн байгууллагын саналыг хүлээж авч, өчигдөр тогтоол үйлджээ. Түүнийг хүчингийн хэрэгт холбогдуулан ийнхүү шалгахаар болжээ.
Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдэж байна. Хэрвээ бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.