ВИДЕО: Олон удаагийн үйлдэлтэй малын хулгайчдыг үйлдэл дээр нь баривчлав

ВИДЕО: Олон удаагийн үйлдэлтэй малын хулгайчдыг үйлдэл дээр нь баривчлав

Төв аймаг дахь цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Налайх дүүрэг дэх цагдаагийн газар Хэнтий аймгийн цагдаагийн газар хамтран олон удаагийн үйлдлээр иргэдийн мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн үйлдэл дээр нь баривчилсан талаар TV5 телевиз өчигдөр /2021.10.21/ мэдээлсэн байна.

Тодруулбал, өчигдөр орой Нийслэлийн Налайх дүүрэгт 22 цаг орчмын үед Төв аймаг дахь цагдаагийн газар, Хэнтий аймгийн цагдаагийн газар, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хамтран зургаан тооны бод мал хулгайлан тээвэрлэж явсан таван иргэнийг үйлдэл дээр нь баривчилжээ. Тус этгээдүүд Төв аймгийн цагдаагийн газарт 13 удаагийн үйлдлээр 70 гаруй бод мал хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан байна.

Урьдчилсан байдлаар уг этгээдүүд арав хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын ес орчим тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна. Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул иргэд өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.   

Г.Мөнхбаяр