Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артурын мэдээлснээр, Монгол Улс Тяньжин боомтод гацаад буй 4500 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг БНХАУ-ын талд тавьжээ.
Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 18-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзахдаа нүүрс тээвэрлэлтийн талаар санал солилцож "Хилийн зарим боомтод хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Монголоос ирж буй нүүрсийг Ганцмод боомтод Хятадын галт тэргэнд шилжүүлэн ачина. Олон улсын ачаа тээврийн харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээн авч буй тал ачдаг зарчмаар БНХАУ-ын талд шилжүүлнэ" гэжээ.
Манай улс БНХАУ-тай хилийн найман боомтоор харилцдаг. Өнөөдөр дөрөв нь цар тахлын улмаас түр ажиллахгүй байна. Гашуунсухайт боомтод хатуу хяналт дор халдвараас сэргийлсний үр дүнд хэвийн ажиллах боломж бүрдэж, өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоо 380-415 болж нэмэгдсэн. Энэ зохион байгуулалт, сахилга батаа хадгалж чадвал дээрх тоо нэмэгдэж, нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ гэж үзэж буй аж.