ТОДРУУЛГА: Ээжийгээ нас барсан гэдгийг ТАВАН жилийн дараа мэдлээ

ТОДРУУЛГА: Ээжийгээ нас барсан гэдгийг ТАВАН жилийн дараа мэдлээ

2016 оны 11 дүгээр сарын 23-ны /2016.11.23/ өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний соёл амралтын хүрээлэн, Түмэн эх чуулгын баруун талаас иргэн Н 40 настай эмэгтэйг нас барсан байдалтай цагдаагийн алба хаагчид олсон байдаг.

Тухайн үед цогцсыг шүүх шинжилгээний алба шалгаж үзэхэд, нэр хаяг, оршин суугаа хаяг тодорхойгүй байсан тул 2017 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр буюу нас барсан байдалтай олдсоноос дөрвөн сарын дараа Их наранд оршуулсан байна.

Харин тус иргэний нас баралтыг бүртгүүлэхээр өчигдөр /2021.10.19/ ар гэрийнхэн нь  Улсын бүртгэлийн газарт ханджээ. 

Иймд бид яагаад бүхэл бүтэн таван жилийн дараа ийнхүү нас баралтыг бүртгүүлсэн талаар лавлахад, “Манай ээж дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь гэхэд одоо 13 нас хүрнэ. Бид нар багаасаа эмээ дээрээ өссөн. Ээжээсээ холбоо сураг муутай байдаг байсан юм. Саяхнаас ээжийгээ хайж эхэлтэл ерөөсөө сураг, чимээ гарахгүй байсан. Тиймээс өргөдөл гаргаж, цагдаагийн байгууллагад мэдэгдэж хайсан ч сураг гараагүй.

Улмаар шүүх шинжилгээний албаас нас барагсдын царайг харуулж хайлгахад тэр дунд манай ээж байсан юм. Ингээд ээжийгээ бүр таван жилийн өмнө нас барсан гэдгийг мэдсэн. Цагдаа нар одоог болтол гаднын нөлөөтэй нас барсан уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа гэсэн. Хэргийг хаагаагүй. Харин Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.