АНУ-аас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Монголд “Шангри-Ла” зочид буудлаас баривчилжээ

АНУ-аас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Монголд “Шангри-Ла” зочид буудлаас баривчилжээ

АНУ-ын холбооны мөрдөх товчооноос шалгаж, эрэн сурвалжилж байсан АНУ-ын харьяат иргэн Н.Т.Л гэх 65 настай эрэгтэйг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дахь Шангри-ла зочид буудалд байхад нь манай цагдаагийн бие бүрэлдэхүүн илрүүлэн баривчилсан талаар Өнөөдөр сонин мэдээлжээ.

Тодруулбал, хэрэгтэн Н.Т.Л нь Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн бөгөөд тэрбээр АНУ-д эхний зургаад багтах хөрөнгө оруулалтын банкны нэрийг ашиглан хуурамч цахим шуудангаар Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжийнхэнтэй холбогдон барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 300 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж итгүүлж, хөрөнгө оруулалтын банкны хуурамч төлөөлөгчийн итгэмжлэл хийж, төлөөлөгч нь хэмээн өнгөрсөн есдүгээр сард Монголд ирээд байжээ.

Иймд манай улсын эрүүгийн цагдаагийн эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гараг /2021.10.13/-ийн үдэш түүнийг баривчлахад тэрбээр манай улсын харьяат хоёр эмэгтэйтэй хамт байсан бөгөөд өрөөнөөс нь их хэмжээний валют санхүүгийн хуурамч бичиг баримтууд, АНУ-ын элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, тамга, тэмдэг бүхий баталгаа, компьютер, зөөврийн санах ой (флаш диск)-д хадгалсан хөрөнгө оруулалтын хуурамч гэрээ зэргийг эд мөрийн баримт болгон манай хууль сахиулагчид хураажээ.