Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдөр орой /2021.10.18/ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн хувийнх нь албан өрөөнд нэгжлэг хийж 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Улсын ерөнхий прокурорын хэвлэлийн албанаас, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгаад, 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан" гэж мэдээллээ.