ВИДЕО: Б.Баатарын дүү Х.Бат-Ирээдүйг шалтаглаж суух хооронд 4,5 тэрбумын өртөг шингэсэн MR аппаратны ашиглалтын хугацаа дуусах нь

ВИДЕО: Б.Баатарын дүү Х.Бат-Ирээдүйг шалтаглаж суух хооронд 4,5 тэрбумын өртөг шингэсэн MR аппаратны ашиглалтын хугацаа дуусах нь

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн Ерөнхий захирлаар Х.Бат-Ирээдүй гэх залуу томилогдон ажиллаж буй.

-НАЙРУУЛАГЧ Б.БААТАРЫН ДҮҮ, ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ Х.БАТ-ИРЭЭДҮЙ САЯХАН ДЭД ХУРАНДАА ЦОЛ АВЧЭЭ-

Эрүүл мэндийн яаманд харьяа эмнэлгүүдийн гүйцэтгэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээс, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэд захирал хүртэл дэвшин ажиллаж байсан Х.Бат-Ирээдүй нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах “Херо” энтертаймент группийн захирал, найруулагч Б.Баатарын эгчийнх нь хүүхэд ажээ.

Тэрээр “Hero” энтертайментын бүтээл, дуучин Б.Болдын “захиа” зэрэг дууны клип, тус студийн хэд, хэдэн рекламд тоглосон байдаг.

Мөн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2010 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэд захирлаар анх томилогдоход нэлээд хэл ам дагуулж байв. Энэ ч утгаараа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдсон талаарх мэдээлэл нам гүмхэн өнгөрсөн бололтой. Ер нь түүнийг гэрлийн хурдаар албан тушаал ахиж буйг найруулагч Б.Баатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай холбон тайлбарлах нь ч бий. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал Х.Бат-Ирээдүй нь Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг 2012 онд эрх зүйчээр төгссөн бөгөөд саяхан дэд хурандаа цол авсан байна.

-ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 4,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИНГЭСЭН MR АППАРАТНЫ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСАХ НЬ-

Тэгвэл түүний одоо удирдаж буй Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 3,2 тэрбум төгрөгийн өртөгтэй, 1,3 тэрбум төгрөгөөр засварласан MR аппарат дахин эвдэрч, олны анхаарлыг татаад байна.

Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Г.Отгонбаатараас тодруулахад “Эхнээсээ ажиллагаагүй байсан MR аппаратыг 2019 онд 1,3 тэрбум төгрөгөөр засварлаж, ашиглалтад оруулсан. Ингээд 800 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн байдаг. Гэвч 2020 оны дөрөвдүгээр сард дахин ажиллагаа нь доголдож, эвдэрсэн. Тиймээс нийлүүлэгч компанид хандаж, засварлах талаар ярилцаж байгаа ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан, завсар үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэнгүүд нь БНХАУ-аас манай улсад ирж чадахгүй байгаа” гэх тайлбарыг өгөв.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал Х.Бат-Ирээдүйг ийнхүү ковидоор шалтаглаж суух хооронд татварын төлөгчдийн 4,5 тэрбум төгрөгийг шингээсэн MR аппаратны ашиглалтын хугацаа нь дуусах бололтой.

Тодруулбал, тухайн MR аппаратыг анх 2012 онд оруулж ирсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь 10 жил аж. Ингэхээр тус аппаратыг бараг хэрэглэж амжаагүй байхад нь ашиглалтын хугацаа дуусах нь. Угтаа Х.Бат-Ирээдүй захирал энэ их өртөгтэй аппаратад жаахан санаа тавьж, сэтгэл гаргасан бол жил гаруйн хугацаанд засварлаж дөнгөх л байсан байлтай.