Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж нийгэмд гэрэл асаасан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам /ХНХЯ/-ны мэргэжилтэн Б.Болороотой ярилцлаа.
Учир нь түүний нөхөр талийгаач А нь өнгөрөгч зургадугаар сард ажлын байран дээрээ лифтний хөндий хэсэгт унаж нас барсан харамсалтай хэрэг болсон. Эл хэргийн дараа тэрээр өөрийн цахим хуудсанд болсон явдлын талаар нийтэлж байсан ч хэвлэлд ямар нэгэн ярилцлага, мэдээлэл өгөөгүй байсан юм. Харин бид Б.Болороотой талийгаач нөхрийнх нь хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа талаар болон түүний өөрийнх нь үзэл бодлын талаар ярилцлаа.
-ХАВТАСТ ХЭРГИЙГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ АВЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ МӨН БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА-
-Сайн байна уу. Хэрэг шалгагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Мөрдөн байцаах ажиллагаа аль шатандаа явж байна вэ?
-Сайн байна уу. Хэрэг шалгагдаад хоёр сарын хугацаа хэдийнээ өнгөрсөн байна. Ер нь бол өнгөрөгч долдугаар сарын 8-ны өдөр нөхрийгөө харамсалтайгаар өнгөрсөн гэх мэдээллийг дуулсан. Ингээд 12-ны өдөр ажил явдлыг нь ёсоор нь хийж салах ёс гүйцэтгэсэн. Дараа нь 17-ны өдөр Сонгинохайрхан дүүгийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст анхны мэдүүлгээ өгсөн. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараад, цагдаа дээр шалгагдаж дуусаад хавтаст хэрэг нь мэргэжлийн хяналт руу үйлдвэрлэлийн осол мөн байсан эсэхийг шалгуулах гээд очоод байна.
-Энэ хугацаанд та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй?
-Тийм. Учир нь цагдаагаас намайг хэрэг шалгагдаж байхад олон нийтэд ямар ч зүйл мэдээлэлж болохгүй, хэрэгт сөргөөр нөлөөлдөг гэхээр нь би нэг ч сайт, нэг ч телевиз болон сонинд ярилцлага өгөөгүй тэр ч бүү хэл өөрийн нүүр номдоо ч энэ талаар нэг ч мэдээлэл оруулаагүй. Гэтэл ингэж олон нийтэд хандан мэдээлэл хийхгүй байгаа маань хүмүүст буруу ойлголт төрүүлж эхлээд байна.
-“ЧИ НӨХРИЙНХӨӨ АМИЙГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДСАН ЮМ БЭ?” ГЭХ ХҮН ОЛОН БАЙНА-
-Жишээлбэл?
-Анх нөхрөө хайж байна гэсэн зарыг маань олон хүн хараад үнэн сэтгэлээсээ хурдан олдоосой, яасан бол гэх зэргээр санаа зовж хандсан хүмүүс байсан учраас нөхрийнхөө нас барсан тухай өөрийн фэйсбүүкт оруулахаас өөр арга байгаагүй. Тэр үедхүмүүс их харуусан гашуудаж, надтай хамт шаналж, сэтгэлээсээ хандаж мессеж бичиж байсан.
Маш олон хүн яасан бол, юу болж байгаа бол гэж сэтгэлээ чилээн хүлээж байхад нь ямар ч мэдээлэл оруулахгүй 2 сар шахам болчхоор зарим нэг нь өөрийн маань хувь чат руу хандаж “Чи тэр компаниас хэдэн төгрөг авсан юм бэ?”. Нөхрөө хэдэн төгрөгөөр худалдчихав ч гэж бичиж байсан.
Миний зүгээс тэр компанитай тохиролцоонд хүрч, зарим хүмүүсийн хардаж байгаа шиг элдэв мөнгө төгрөг аваад явсан удаа байхгүй. Ийм нөхцөл байдалд хэн ч хардаж бодох нь аргагүй биз ээ. Ямартай ч бид нарын зүгээс Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гараад ирвэл өөрсдөө тухайн үед хавтаст хэрэгтэй танилцсаныхаа дараа олон нийтэд хандан мэдээлэл өгнө гэсэн бодолтой байгаа.
Заавал хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тодорхойлолт хэлэхээсээ илүү хүн өөрөө хань ижлээ алдах ямар хэцүү байдаг билээ. Дээрээс нь миний охин дөрвөн нас ч хүрээгүй нялхаараа байна. Мөн миний хань чинь халамж хайр гэдэг зүйлийг дээд зэргээр үзүүлж, мэдрүүлж байсан болохоор тэр болгон нь бодогдоод хэцүү байна. Ийм үед ямар нэгэн мэдээлэл хийгээд яваад байх тийм сэтгэлийн тэнхээ нэгдүгээрт алга байна. Хоёрдугаарт миний амнаас нэг л буруу үг унахад хэрэг яаж ч эргэж болохоор байгаа гэсэн болгоомжлол надад байна.
-Хэрэг үнэн зөв шийдэгдэх болов уу. Талийгаач нөхрийн тань ажиллаж байсан компани нэр нөлөө бүхий хүнийх гэсэн мэдээлэл байна. Та юу гэж бодож байна вэ?
-Ямар ч байсан хэргийг хуулийн дагуу шалгуулаад ямар шийдвэр гарах, яах бол гэдгийг нь би хүлээгээд л байж байна. Одоогийн байдлаар хоёр өмгөөлөгч авсан байгаа. Өмгөөлөгчөөрөө дамжуулаад хууль, цагдаагийн байгууллагад хандаад явж байна.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан гэсэн. Танд хариуг нь танилцуулсан уу?
-Ер нь шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байгаа. Шүүх эмнэлгийн гарсан учраас дараагийн процесс нь Мэргэжлийн хяналт руу явж байгаа. Мэргэжлийн хяналтын дараа прокурор, дараа нь шүүх гээд л явдаг зарчмаараа явна.
Нөхөр маань өнгөрөөд хоёр сар гаран болсон байна. Гэтэл шалгагдаж байгаа хэрэг маань дөнгөж 30 хувьтай байна.
Тэгэхээр бид нарын зүгээс хамаагүй олон нийтэд төөрөгдүүлсэн юм уу худал мэдээлэл тараах тийм эрх байхгүй. Тэр үүднээсээ бид энэ хугацаанд ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй. Ерөнхийдөө хамгийн анх мэдээлэл өгч байгаа сайт нь танай сайт /iSee.mn/ болж байна. Цаашид энэ хэргийг явдаг шугамаар нь шалгуулаад мөрдүүлээд явна. Тэр компани яаж дүгнэж хэлэхийг би мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч эрүүл ухаанаар бодсон бай ажилтан нь ийм золгүйгээр, ийм харамсмаар байдалтай өнгөрсөн, худал мэдээлэл өгч, өмхийрч өтсөн хойно нь хүлээлгэж өгснөө бодоход л тэр компани манай гэр бүл, Монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйх ёстой байх.
Хань ижлээ алдана гэдэг бол үйлдэл нь хязгаарлагдаагүй хүний хувьд ч тэр хэцүү. Үр хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь эцэг, эх гэдэг хүн хоёулаа байх шаардлагатай байдаг шүү дээ.
-Таны хувьд хамгийн итгэлтэй тулах баганаа алдсан нь үнэхээр их харамсалтай хэрэг болсон шүү дээ?
-Тийн. Манай хүн чинь үгээр хэлж боломгүй тийм их хайр, халамжтай хүн байсан юм. Манай гэр ажлаас маань хэдийгээр ойрхон байдаг ч өглөө, орой бүр манай хүн намайг байнгын хүргэж өгч авдаг байлаа. Гэр ойр ч гэсэн миний бэрхшээлийн онцлог чинь өөрийнхөө хөдөлгөөнийг удирдаж чаддаггүй, жижиг чулуу байсан ч эвгүйхэн явах юм бол бүдэрч унадаг тийм л онцлогтой. Надад өдөрт хоол хийж авчирч өгнө, хаана, ямар хурал зөвлөгөөнтэй байсан тэр болгонд хүргэж өгдөг байсан. Өнгөрсөн таван жилийн миний амьдралын бүхий л үйл хэрэг тэр хүнтэй бүрэн холбоотой болсон байсан. Би одоо л нэг хүний царай харахтайгаа болоод энэ долоо хоногоос ажилдаа жигдрээд орж байна.
Одоо ч гэсэн хийж байгаа бүх зүйлд минь байнга бодогдоод маш хүнд, бүр үгээр хэлэхийн аргагүй тийм л байна.
Манай ажлынхан ч гэсэн сайн мэддэг. Хоол авчраад өгдөг, өглөө болгон хүргэж өгдөг ийм сайн хүн хаана ч байхгүй гэдэг байсан. Бид хоёр өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг нийгэмд зөвөөр харуулах юмсан гэж явж байсан учраас хүмүүст маш хүндээр туссан байх, Монголын ард түмэн бараг тэр чигтээ гашуудаж, харамссан байхаа.
-ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХҮНИЙ АМСАЖ БОЛОХ ЯМАР Л ЖАРГАЛ БАЙДАГ ЮМ ТЭР БҮРИЙГ АМССАН-
-Нийгэмд олон сайхан үлгэр дурайлал болж байсан учраас олон хүнд гашуудал харуусал авчирсан болов уу?
-Тэгсэн байх. Би чинь нөхрийнхөө барьсан гэнэтийн бэлгийг байнгын цахим хуудсандаа нийтэлдэг байсан. Ер нь бол таван жилийн хугацаанд хүний амсаж болох ямар л жаргал байдаг юм тэр бүрийг амссан. Гэхдээ хэтэрхий богинохон амьдрал байж дээ гэж бодогдоод гол гогоддог.
Яахав тэр хүн ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад унасан байж болно. Ажлаас нь худал мэдээлэл өгснөөс болоод тэнд унасан байхад нь гадуур хайн цаг алдаж, хожуу олсондоо маш их харамсаж байна. Хамгийн сүүлд хаашаа явсныг нь хараад хяналтын камер нэг л удаа шалгах гэсэн юм гээд очиход шалгуулаагүй.
Манай нагац ахад “Танай дүү чинь камераа унтраагаад явчихсан гээд итгүүлээд явуулсан байсан.
Тийм болохоор бид нар гадуур хайсаар байгаад хугацаа алдчихсан юм. Би бол одоо үүнд өөрийгөө л буруутгаад зүхээд сууж байна. Тэр үед нь хяналтын камер үзмээр байна гээд үзчихгүй яав даа гээд өөрийгөө зүхээд суух жишээний харуусал зөндөө байна.
Цогцосны анх олдсон байдлын зургийг нь харсан учраас ядаж л өмхийрч, өтөөгүй байхад нь олсон бол гэж өөрийгөө зүхэж сууна.
-Таны анх оруулсан пост дээр хүн аварч байгаад өөрөө доош унаж нас барсан гэсэн байсан. Энэ талаар?
-Тэрийг яриад хэрэггүй байх. Тэрийг хэлж болохгүй гэсэн.
-НӨХРИЙНХӨӨ ҮХЛЭЭР СЕНСАЦЛААД БАЙХЫГ ОГТ ХҮСЭХГҮЙ БАЙНА-
-Та дээр дурдахдаа олон хүн мөнгө авсан юм уу гэсэн гэж байна. Яагаад ингэж бодоход хүрсэн юм бол. Та юу гэж бодож байна вэ?
-Би өөрөө яг үнэнийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой гээд л 2016 оноос хойш гарч ирсэн. Энэ хугацаанд намайг, манай гэр бүлийг олон хүн таньдаг, олон хүн олон нийтийн сүлжээгээр дагадаг болсон байна. Сайн хүмүүс нь маш олон байгаа. Ямар ч хүн хардах эрхтэй л дээ. Дээрээс нь маш сүртэй пост оруулчхаад тэр чигтээ таг болчхоор хүмүүс хардсан байх гэж бодож байна. Холын гэлтгүй ойрын хүмүүс маань ч гэсэн зарим хардах сэтгэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн л гэхээрээ бусдаар өрөвдүүлж байх ёстой гэсэн хандлагад би их дургүй. Тэрийг ч эсэргүүцэж гарч ирсэн хүний хувьд нөхрийнхөө хорвоогоос явсан ийм харамсалтай зүйлээр олон нийтэд хандаж сенсацлаад өрөвдүүлээд байхыг хүсээгүй. Би ажлын шугамаар хэвлэлд олон удаа яриа өгч үзсэн учраас сэтгүүлчид ямар үгэн дээр яаж дөрөөлж мэдээ, мэдээллийг хааш нь мушгиж чаддаг гэдгийг мэддэг учраас хэргийн үйл явц явагдаж байх үед ярилцлага өгөхийг хүсээгүй.
Гэхдээ одоо олон нийтэд мэдээлэл хүргэх цаг нь болсон гэж бодож байна.
-Тэрхүү хамгаалалтын албанаас та бүхэнтэй холбогдсон уу?
-“Хишиг арвин” гэх хамгаалалтын албанаас хүмүүс ирээд ажил явдлын дараа ажилчдаас цуглуулсан мөнгө гээд хэдэн төгрөг авчирч өгсөн. Тэр газраас ирж уулзахдаа өөрсдийгөө өмөөрч хаацайлсан зүйл хэлээгүй, харин “Манай байгууллагын буруу” гэх утгатай зүйл хэлсэн. Тэр хүмүүсийг ирэхэд нь манай гэр бүлийн амьдрал нүдэн дээр нь харагдаж байгаа шүү дээ.
Ямаршуухан байдалтай хүмүүсийг үлдээсэн байна, нөхөр маань энэ гэрт ямар үүрэг гүйцэтгэж байсан байна гэх зэрэг бүгдийг харсан учраас тэр компанийн зүгээс учиргүй буруу харсан зүйл хэлээгүй байна. Бид нар яг хоёр талаасаа дүгнэлтээ хүлээгээд л сууцгааж байна.
-ОХИНДОО ЗАЙРМАГ АВЧ ӨГӨХДӨӨ ГАДАА СУУЖ БАЙГАА ЭМЭЭ НАРТ ЗАЙРМАГ АВААД ӨГДӨГ ТИЙМ Л ХҮН БАЙСАН-
-Хэрэг гарсны дараа манай сайт орон сууцны хороололд очиж сурвалжлаг бэлтгэсэн. Бид нарыг очиход оршин суугчид “маш сайн залуу байсан. Ажилдаа маш их идэвх зүтгэлтэй, хариуцлагатай хандаж орон сууцыг хамгаалж, бага насны хүүхдийг харж ханддаг байсан. Харамсалтайгаар өнгөрсөн байна лээ” гэж хэлж байсан?
-Тийн. Манай хүн чинь охиныгоо авч гадаа сууж байхдаа охиндоо зайрмаг авч өгөхдөө гадаа сууж байгаа эмээ нарт зайрмаг аваад өгдөг тийм л хүн байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ч тэр их сайн ажилладаг байсан. Бусад хамгаалагч нар нь байрандаа сууж байхад манай хүн грашд машин байршуулахад хүртэл хүн бүрт туслаад гүйдэг байсан. Оршин суугчдынхаа хаана машин байршуулдгийг хүртэл мэддэг хүн байсан гэж хүмүүс хэлж байсан. Үнэхээр их харамсалтай байна.
Ханийн маань орон зайг хэн ч, юу ч нөхөж чадахгүй, тэр минь намайг хэн ч биш байхад чин сэтгэлээсээ хайрлаж, чамтай л амьдарна гэсэн шийдвэртээ баттай зогсож чадсан цор ганц эр хүн. Тэр минь сэтгэл зүрхэнд минь үргэлжид гэнэн цайлган дүрээрээ, халамжит ханиараа орших болно.