Өчигдөр /2021.10.12/ Хөвсгөл, Ховд, Архангай аймаг мөн Чингэлтэй дүүрэгт гал түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн байна. Тодруулбал,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн “Агт” гэдэг газарт иргэн А-гийн өвөлжөө 10.09-ний өдрийн 21:20 цагт шатсан тухай мэдээллийг 10.11-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн А-гийн 2 өвөлжөө, 2 тонн өвс шатаж байсныг 9 цаг ажиллаж унтраажээ.
Мөн Ховд аймгийн Жаргалант суманд гэр шатаж, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид унтраасан байна. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд суудлын автомашин шатсан дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид унтраажээ. Харин нийслэлийн Чингэлтэй дүүргийн ХIII хороонд гэр шатаж, тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид унтраасан байна.