ТОДРУУЛГА: Хээр гээгдүүлэх шашны зан үйл байсан ч цогцсыг шинжилгээнд оруулж, шалгадаг

ТОДРУУЛГА: Хээр гээгдүүлэх шашны зан үйл байсан ч цогцсыг шинжилгээнд оруулж, шалгадаг

Монголчуудын хуучны оршуулгын ёсонд бурхан бологчоо ихэвчлэн булшлан оршуулах, мөн хээр гээгдүүлэх буюу ил задгай оршуулах нь зонхилдог байсан гэдэг. Харин энэ цагт хайлуулан чандарлах нь нэмэгдэж, ил задгай оршуулах зан үйлийг үйлдэх нь багассан гэж зарим эх сурвалжууд мэдээлдэг.

Сүүлийн үед хээр гээгдүүлж, ил задгай оршуулсан зан үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад иргэдээс дуудлага мэдээлэл ирэх болсон байна. Тухайлбал, саяхан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “юманд ороосон хүний цогцос байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирж, шалгалтын ажиллагаа явуулахад “цус харвалтын улмаас нас барсан нэгнийг ил задгай оршуулсан” болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдэг.

-ШАЛГАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-

Тэгвэл саяхан буюу энэ сарын 8 /2021.10.08/-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн цогцос байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ингээд алба хаагчид дуудлагын дагуу шалгахад, Сонгинохайрхан дүүргийн нутаг байрлалтай “Ар Гүнт” гэх газарт шашны зан үйлийн шинжтэй, хурганы арьсанд ороосон бага насны хүүхдийн цогцос байжээ. Иймд тус газраас улаан өнгийн даавуу, хурганы арьс зэрэг зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлж, үхлийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

-ШАШНЫ ЗАН ҮЙЛ БАЙСАН Ч ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА УЧИР ШАЛТГААНЫГ НЬ ШАЛГАДАГ-

Бид энэ талаар бид хуулийн байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад, “Хаана ч байсан хүний цогцос байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн л бол цагдаагийн бүрэлдэхүүн тус газарт очиж, хэргийн газрын үзлэг хийнэ. Ингээд шашны зан үйлийн шинжтэй байсан ч Шүүх шинжилгээнд цогцсыг шилжүүлж, гадны нөлөөтэй эсэхийг нь тодорхой болгоод дараа нь хамаарах иргэнд бурхан бологчийн цогцсыг нь буцааж өгдөг” гэсэн юм.

Энэ бүхнээс үзвэл, Хээр гээгдүүлсэн оршуулгын зан үйлтэй таарсан иргэд энэ тухайгаа хуулийн байгууллагад мэдээлдэг, цаашлаад мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулдаг ажээ. Иймд энэ төрлийн зан үйл хийхгүй байхыг зарим иргэдэд сануулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.

Г.МӨНХБАЯР




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө