СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Олон төрлийн архийг нэг дор хольж уудаг тэмцээнд оролцож нас барсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Олон төрлийн архийг нэг дор хольж уудаг тэмцээнд оролцож нас барсан хэрэг гарчээ

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Зайсанд байрлах нэгэн лоунжын нээлтэд оролцож байсан иргэн Б олон төрлийн согтууруулах ундааны зүйл хольж уугаад мөнгөн шагнал авдаг тоглоомын тэмцээнд оролцож байх үедээ нас бас хэрэг гарч, шүүхээр саяхан шийдвэрлэгдсэн байна.

Иймд бид иргэдийг архи, согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэж, болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд энэхүү мэдээллийг нийтэлж байна.

-ТАЛИЙГААЧ ЭХНЭРТЭЭ ХӨДӨӨ ТОМИЛОЛТООР ЯВЛАА ГЭЭД ГЭРЭЭСЭЭ ГАРЧЭЭ-

Хэрэг гарсан өдөр талийгаач Б багын найз нартайгаа уулзаж, Зайсанд байрлах нэгэн лоунжийн нээлтэд очсон бөгөөд Б нь бага зэргийн согтолттой байжээ. Тус арга хэмжээний үеэр заалны голд дугуй ширээ нь дээр найман төрлийн архинуудыг хольж тавьсан байсан бөгөөд доор нь мөнгөн шагнал бүхий 100 ам.доллар тавьсан байж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Талийгаач тухайн үед тэр тэмцээнд орох гээд хараад зогсож байсан. Дараа нь өрж тавьсан байсан архинуудыг бүгдийг нь ууж дуусгаад шагналын мөнгөө аваад текний хажууд ирээд суусан. 5-10 минутын дараа талийгаач биеэ удирдах чадваргүй гулжигнаад байсан” гэжээ.

Мөн талийгаач нь гадаадад мэргэжил эзэмшсэн, томоохон компанийн нэр бүхий албан тушаалтан байсан аж.

Тухайн үед VIP өрөөнд талийгаачийг согтчихлоо гэж бодож байсан ч зөөгч нь хүрэнтэж, цэнхэртээд байхаар нь очиж гарыг нь барихад гар нь хүйтэн байсан гэжээ. Ингээд түргэн тусламжийн 103 дугаарт холбогдож үзүүлэхэд, нас барсан байна гэжээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үеэр талийгаачийн эхнэр өгсөн мэдүүлэгтээ, “Миний нөхөр эрүүл саруул, архаг хууч өвчингүй хүн байсан. Бид 2 суугаад 5 жил болж байгаа бөгөөд 3 хүүхэдтэй. Хамгийн сүүлд нөхөр маань 2 хоногийн өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг руу томилолтоор явна гээд гэрээсээ гарсан. Гэтэл нөхөр маань Төв аймагт байх ёстой байтал ямар учраас Улаанбаатарт найзуудтайгаа байсан талаар мэдэхгүй байна. одоо надад мэдүүлэг өгөхөд үнэхээр хэцүү байна” гэсэн утга бүхий мэдүүлэг өгсөн гэжээ.

-ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНЭЭС СПИРТИЙН ХУРЦ ХОРДЛОГОД ОРЖ НАС БАРСАН ГЭЖ ҮЗЖЭЭ-

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн үзэж байгаагаар, цусанд нь 4,9 хувийн спиртийн агууламж илэрсэн бөгөөд талийгаач нь элэг уушгины архаг үрэвсэл эмгэгтэй, спиртийн агууламжийн хурц хордлогод орж нас барсан гэжээ. Хохирогч ямар архинаас хордсон гэдгийг тодорхойлох боломжгүй мөн архийг олон хоног уусан, нэг дор их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн аль аль нь архины хордлогод нөлөөлнө гэсэн байна.

Тэрхүү архины тэмцээний үеэр Craft нэртэй задгай пиво 500 мл, Table mountain нэртэй улаан дарс 450 мл, Jack Olmeca нэртэй дикила 200 мл, Gordon’s Triple Sec-тэй нийлүүлсэн коктейль 200 мл, Eden нэртэй үндэсний үйлдвэрийн архи 200 мл, Jack Daniel’s виски 200 мл, Hennessy нэртэй коньяк 250 мл, Red bull нэртэй энергийн ундаа 250 мл зэргийг тасралтгүй уулгаж тус тэмцээнийг зохион байгуулсан тус лоунжын захирал иргэн Г-д гэмт хэрэгт холбогдуулан шүүх авч хэлэлцсэн байна.

Иймд иргэн Г-д  “олон төрлийн архийг, богино хугацаанд ууж, мөнгө хожих” гэх тэмцээнийг санаачлан зохион байгуулахдаа нийгэмд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлаагүй, түүний хийсэн үйлдлийн улмаас хүний амь нас хохирох буюу нийгэмд аюултай хор уршиг учрахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан нь тогтоогдож байна гэж шүүх үзжээ.

Ингээд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн хэдий ч Г нь талийгаачийн талд сайн дураараа хохирлын төлбөрт өөрийн автомашин мөн бэлнээр 17 сая төгрөг өгсөн тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүхээс үзжээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө