Монгол улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд яг үүний эсрэг. Улаанбаатар хотод ХҮНЭЭ боддог, ХҮНДЭЭ зориулдаг ажил тун цөөн. Ганц жишээ дурдахад, Баянгол дүүргийн “Модны 2”-ын замыг удаан хугацаанд завсарлаж энэ сарын эхээр ашиглалтад оруулахдаа явган хүний замыг барих ажлыг орхигдуулжээ. Үүний улмаас иргэд автомашины замаар машинтай шүргэлцэх шахам, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан зорчиж байна.
Өвлийн улирал хаяанд ирж халтиргаа гулгаа нэмэгдэх гэж байна. Тэр үед яах вэ. Энэ орчмын оршин суугчид машин замаар дайруулж, мөргүүлэх шахам зорчсон хэвээр байх уу. уг асуултад тус замын барилгын ажлыг гүйцэтгэсэн “Голд-Өлзийт” ХХК хариулт өгөх шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар уг замаар энгийн иргэд машинтай зэрэгцэн алхаж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоор эрсдэлтэй байна. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэдтэй хүмүүст бүр хүндрэлтэй аж. Тус замын хажууханд Нийслэлийн 87-р цэцэрлэг байдаг ба явган хүний замгүй учир иргэд маш хүндрэлтэй нөхцөлд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байгаа дүр зураг биднийг тус газар мэдээлэл бэлтгэхэд ажиглагдаж байв. Тодруулбал, Замын нэг тал нь овон товон шороо ихтэй ч, ядаж л автомашинтай зэрэгцээд явахгүй эрсдэл бага бол нөгөө талдаа ухчихсан нүх сүвтэй явган хүн ч явах боломжгүй аж. Үүгээр ч зогсохгүй тус газар автобусны зогсоол, зогсоолын тэмдэглэгээ байхгүй нь улмаас иргэд төөрч, будилж ийш тийш харан зогсоцгоож байсан юм.
Холбогдох албаныхан уг газарт анхаарлаа хандуулан тусгай замаар зорчих иргэдийн эрхийг хангаж өгнө үү.
Г.МӨНХБАЯР