Байгууллагад нь хүчингийн хэрэг гарч байхад удирдлагууд Ёс зүйн хариуцлага хүлээхгүй өнгөрөх үү

Байгууллагад нь хүчингийн хэрэг гарч байхад удирдлагууд Ёс зүйн хариуцлага хүлээхгүй өнгөрөх үү

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Үндэсний лавлагаа лабораторийн эрэгтэй ажилтан тус газарт ажилладаг эмэгтэйг ажлын байр дээр нь хүчиндсэн хэрэг есдүгээр сарын 10 /2021.09.10/-ны өдөр мэдээлэгдсэн.

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас, "Наймдугаар сарын 19-ны өдөр  МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ахлах мэргэжилтэн У гэгчид хүчиндүүлсэн гэж тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн Х нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага иргэн Х-гээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, есдүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэж мэдэгдсэн.

Мөн албан бус эх сурвалжууд, “Тус хүчингийн хэрэг ажлын цагаар, ажлын байр дээрээ архидан согтуурсны улмаас гарсан байж болзошгүй байгаа. Харин тус ажлын байрны архидалт олон хүнийг хамарсан ч байж магадгүй байна. Харин тус лабораторийн удирдлагууд хэрэг гарах үеэр хаана байсан нь тодорхойгүй байна” гэж байв.

Тэгвэл хүчингийн хэрэгт сэжигтнээр татагдсан У-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд хэрэг явдал намжсан байна. Харин ажилчдаа удирдлагаар хангаж, хуулиа дээдэлж, дүрэм журмыг чанд мөрдөх үүрэгтэй Үндэсний лавлагаа лабораторийн дарга болон МХЕГ-ын дарга Т.Гантулга нар тухайн үйл явдалд ямар нэг ёс зүйн хариуцлага хүлээлгүй, ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа ажээ.