Орон сууцны урьдчилгаа нэрийдлээр 800 гаруй иргэний 12 тэрбум төгрөг залилсан хэргээр “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэрэг гурван жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй явсаар ийнхүү эцэст нь шийдвэрлэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдрөөс таван хоног шүүх хурал үргэлжилсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авсан тул дахин аравдугаар сарын 01-ээс шүүх хурлыг үргэлжлүүлж, тэднийг залилах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож ял оноосон байна.
Баянзүрх дүүргийн шүүхээс тус компанийн захирал Д.Гүрсоронзонд 10 жилийн хорих ял хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн бол холбогдогч Д.Одгэрэлд зургаан жил, шүүгдэгч Б.Батбаярт зургаан жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх /7 тэрбум 265 сая 839 мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.