-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ЗАМААР ХҮНИЙГ АЛАХ ГЭХ ЗҮЙЛ АНГИАР ШАЛГАЖ БАЙНА-
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Хэрэг гарсаны дараа урьдчилсан байдлаар талийгаачийг амиа хорлож өндрөөс өөрөө үсэрсэн хэмээн мэдээлэл цацагдаж байсан.
Харин талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсанаар хамтран амьдарч байсан О.Боргилыг сэжигтэнээр цагдан хорьж шалгаж эхэлсэн билээ. Учир нь талийгаачтай хамтран амьдарч байсан О.Боргил нь хэрэг гарах үед хамт байсан бөгөөд нөгөө өрөөнд байх зуур үсэрсэн байсан хэмээн мэдүүлсэн ч шинжилгээгээр нас барахаас нь өмнө хөл болон гарыг нь хугалсан байсан нь тогтоогдсон. Мөн цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байхдаа О.Боргилыг өндрөөс шидэж санаатайгаар амь насыг нь хохироосон байж болзошгүй хэмээн үзэж татан шалгаж эхэлсэн.
Ийнхүү шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос сэжигтэн О.Боргилыг цагдан хорих санал шүүхэд хүргүүлж түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид зургаадугаар сарын сүүл хүртэл цагдан хориод байсан билээ.
Энэ хугацаанд амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад бусдын дарамт шахалт байсан, биеэ хамгаалах чадваргүй болгож гар болон хөлийг нь хугалсан байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм.
Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн О.Боргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Харин ар гэрийнхнийх нь зүгээс хүнийг санаатайгаар алах хэрэг үүсгэхээр гомдол гаргаснаар сэжигтэн О.Боргилыг хүнийг алах гэх зүйл ангид буруутган шалгаж дуусаад шүүхийн шатанд хэргийг шилжүүлжээ.
Сэжигтэн О.Боргил батлан даалтанд гарч гадуур шалгагдаж байгаа бөгөөд түүнийг хорих санал хүргүүлсэн ч шүүх хүлээж аваагүй тухай эх сурвалж мэдээлэв. Тун удахгүй О.Боргилын шүүх хурлын тов зарлах юм байна. Энэ удаад түүнийг хүнийг биеэ хамгаалах чадваргүй болтол нь зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар санаатайгаар хүнийг алах хэргээр шүүх аж.