Манай улсын зарим ард иргэдийн хувьд бичиг баримтдаа хайнга ханддаг. Тухайлбал, гадаад руу явахаа мэдсээр хэдэн сар болсон ч явах өдрөө хүртэл тулгаж гадаад паспортаа захиална хэмээн “Одоо гаргаж өг. Яаралтай явах гээд байна” гээд хэнэгчгүй зогсож байдаг нь нууц биш.
Тэгвэл саяхан "Швед дэх Монголчууд" гэх фейсбүүк зарын группээс нэгэн иргэн танихгүй Монгол хүний гадаад паспорт тийзтэй нь хамт хямдаар худалдан авч хууль бусаар манай улсын хилийг нэвтрэхийг оролдсон нь“Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т холбогдож, саяхан шүүхээр шийдвэрлүүлж, ял авсан байна. Иймд бид ард иргэдэд анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.
-БИЧИГ БАРИМТ ШАЛГАГЧ ТӨРСӨН ОН САР ӨДРИЙГ НЬ АСУУХАД ЭРГЭЛЗЭЖ ХАРИУЛЖЭЭ-
Хэргийг тодруулбал, өнгөрсөн 2020 оны гуравдугаар сарын 05-ны өдөр иргэн Х Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Н гэх хүний энгийн гадаад паспортаар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг оролдсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Хэрэг гарсан өдөр Улаанбаатар-Истанбул чиглэлийн аяллын онгоцоор ирж буй зорчигчдын бичиг баримтыг шалгаж байхад Б овогт Х нь өөр Н гэх хүний гадаад паспортыг надад шалгуулсан. Би түүний гадаад паспортыг авч, шалгахад царай төрх өөр байсан. Тэгэхээр нь төрсөн он сарыг асуухад өөрийн жилээ эргэлзэж хариулсан. Би түүнд “өөрийн чинь гадаад паспорт биш байна” гээд дагуулж явсан.
Тухайн үед Х нь өөр хүний бичиг баримтаар хил нэвтрэх гэж байгаа гэдгээ огт хэлээгүй. Миний паспорт л гэж байсан” гэсэн утга бүхий зүйл ярьсан гэсэн юм.
Мөн өөр нэг эх сурвалж, “Х нь 2018 онд Швед улс руу явж байсан. Харин ирэхдээ хүний бичиг баримтаар Монголд орж ирсэн. Онгоцны тийз авах мөнгөгүй байсан учир хүний бичиг баримтаар ирсэн” гэсэн байна.
Харин иргэн Х өөрөө тус хэргийн талаар хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ, “Би анх 2018 онд галт тэргэнд суугаад ОХУ-д очоод тэгээд Шведэд очиж байсан. Тэнд нэг жил 7 сар байсан. Монгол руу ирэх гээд байж байтал фейсбүүк зарын групп дээр “Швед Монголчуудын групп” гэсэн хаяг дээр нэг зар байхыг олж харсан. Тэр зар дээр “20-30 насны эмэгтэйг өөрийнхөө оронд буцаана” гэсэн утгатай зар байхаар нь би холбогдоод уулзсан. Тэр надад гадаад паспортаа онгоцны тийзтэй өгсөн юм. Монголд буутал намайг саатуулаад шалгасан” гэжээ.
-“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ"-Т ХОЛБОГДУУЛАН ТҮҮНД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ТЭНСЭН ЯЛ ОНООЖЭЭ-
Иргэн Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэжээ.
Гэсэн хэдий ч түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн байна. Мөн тус Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг устгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлжээ.
Хачирхалтай нь, Х нь өөр иргэний гадаад паспорт, онгоцны тийз ашиглан Швед улсын хилээр нэвтэрч, Монголд ирж чадсан байгаа юм.