Өнгөрөгч долоо хоног буюу энэ есдүгээр сарын 24-ны баасан гарагт /2021.09.24/ бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан иргэний цогцос олдсон хэрэг гарсан. Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ашиглагдахаа больсон хуучин уурхайн нүхэнд толгой, хүзүү хэсэгтээ шарх авсан эрэгтэй хүний цогцос олдсон байдаг.
Талийгаач нь Дундговь аймгийн харьяат иргэн 29 настай эрэгтэй Н байсан бөгөөд тэрээр анх есдүгээр сарын 08-ны өдөр /2021.09.08/ мотоциклоо унаж гэрээсээ гараад ор сураггүй алга болж эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран эхлүүлээд байжээ.
29 настай эрэгтэй Н-г эрэн хайж эхэлснээс 16 хоногийн дараа түүний цогцосыг Эрдэнэдалай сумын нутгаас олж, тэрээр гаднын нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон тул, тус хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэмээн Б, М нарын аав хүү нарыг цагдан хорьж, мөрдөн шалгаж эхлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн зарим хэвлэлд, амь хохирогчийн биед чулуу хийж, нууранд хаясан гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл тус хэргийн талаар талийгаачийн ах ergelt.mn сайтад өгсөн тодруулгадаа, “ Тэд дүүгийнх нь амь насыг хөнөөгөөд, дээлийнх нь гадуур цув, гэрийн брезентээр ороож, дунд нь чулуу хийж хүндрүүлээд хиймэл нуурт нуусан байсан” хэмээн өгүүлжээ. Холбоотой линкийг ЭНД ДАРЖ үзнэ үү.