АТГ-аас УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н .Баяртсайхан нарыг шалгаж эхэлжээ.
Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тендерийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Илт хууль зөрчсөн үйлдэл гаргаж бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхээр болсон байна.
АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт гаргасан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг хүлээн авсан байна.
Харин Б.Чойжилсүрэнгийн тухайд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хуулиар хамгаалагддаг учир эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хүсэлтээ УИХ-д уламжилж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт өгөх аж.
Дашрамд, өнгөрөгч Баасан гарагт иргэн М.Зундуйдаваа тэргүүтэй иргэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг АТГ-т шалгуулахаар хандсан билээ. Хууль зүй дотоод хэргийн хэргийн яам нь 4 тэрбум 278 сая төгрөгийн төсөвтэй “Хууль зүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн конторны барилга”-ыг ямар нэгэн тендергүйгээр УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр бариулж байгааг шалгуулах хүсэл гаргасан. Мөн Монгол банк буюу түүний Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тендергүйгээр Монгол банкны барилга барих ажлыг гүйцэтгүүлж байгаа нь авлигын шинжтэй үйлдэл хэмээн үзэж хандсан байдаг.