Энэ долоо хоногийн Мягмар гараг /2021.09.28/-ийн 05 цагийн орчимд “Манай гэрийг гаднаас цоожлоод шатаасан байна” гэсэн дуудлага цагдаагийн 102 дугаарт ирсэн байна.
Ингээд харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид очиж шалгахад, тус дүүргийн 9-р хороонд оршин суух С нь хүүхдүүдийн хамт дөрвүүлээ унтаж байхад нь, бага охин Н нь өглөө үүрээр “ээжээ утаа үнэртээд байна” хэмээж, тэд сэрсэн байна.
Ингээд гэрээсээ гарах гэтэл тэдний гэрийн хаалгыг гаднаас нь түгжсэн байжээ. Иймд тэд хаалгаа эвдэж гараад, цагдаа дуудлага өгсөн нь энэ байжээ.
Ингээд цагдаагийн алба хаагчид хэргийг шалгах явцад 27 настай З гэгч нь тэднийг унтаж байхад нь хувийн өс хонзонгийн сэдлээр хаалгыг нь гаднаас нь цоожлон, санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд 27 настай З-г сэжигтнээр тооцон, Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж эхэлсэн байна.