Ч.Өнөрбаяр: Жагсаал хийх иргэний үндсэн эрх чөлөөг бусад хуулиар хязгаарлах үндэслэл байхгүй /LIVE/

Ч.Өнөрбаяр: Жагсаал хийх иргэний үндсэн эрх чөлөөг бусад хуулиар хязгаарлах үндэслэл байхгүй /LIVE/

Засгийн газрын эргэж буцсан шийдвэрүүдийг эсэргүүцэж "Одоо боллоо" бүх нийтийн цуглааныг АН-аас зохион байгуулах болсон талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Коронавирусийн эсрэг зарцуулсан хөрөнгө мөнгө нохойн замаар орсон. Зуд болохоор нохой зоолж, зовлон болохоор ноёд таргалдаг гэдэг болж байна. Жишээ нь 8 сая төгрөгөөр нэг хүн эмчилж байсан бол одоо 60 мянга болсон. Эрх баригчид ковидод зарцуулах ёстой ихэнх хөрөнгийг нь сонгуульд зарцуулсан. Ковидын хууль нэрээр дарангуйллын системийг бий болгож байна. Иргэд болон тэдний бизнесийг дарангуйлж байна. Ковидын эсрэг хууль дарангуйллын хээрийн сургууль болж байна. Энэ хуулийг цуцлах хэрэгтэй. Иргэд маргааш болох цуглаанд идэвхитэй хамрагдаарай гэж уриалах байна” гэж мэдэгдсэн юм.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “Маргааш АН-аас тайван жагсаал хийхтэй холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарт мэдэгдэл хүргүүлсэн.

Учир нь жагсаал цуглаан хийх бол иргэний үндсэн эрх чөлөө байдаг. Энэ эрх чөлөөг бусад хуулиар хязгаарлах үндэслэл байдаггүй.

Мөн Үндсэн хуулийн 1.2 дээр эрх чөлөө, ардчилсан ёсыг дээдлэх нь төрийн үйл хэрэг мөн гэж заасан. Иймд төр засаг, бидний эрх чөлөө, ардчилсан ёсыг дээдлэн ажиллах ёстой. Жагсаалыг үймүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх тийм мэдээлэл бидэнд байгаа. Иймд хуулийн дагуу цагдаа болон хууль сахиулах чиглэлийн байгууллагууд энэ чиглэлд ажиллах үүрэгтэй” гэж мэдэгдлээ.