ТОДРУУЛГА: Харуулын даргаа хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй цэргүүд ар гэртэйгээ 20 гаруй удаа уулзсан

ТОДРУУЛГА: Харуулын даргаа хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй цэргүүд ар гэртэйгээ 20 гаруй удаа уулзсан

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 08-ны өдөр /2021.04.08/ Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн хилийн заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр албан хаагч харуулын даргаа буудаж хөнөөн, оргон зайлсан хэрэг гарсан билээ.

Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.09.29/ Говь-Алтай аймгийн эрүүгийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх байсан хэдий ч шүүгдэгч нарын өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар хойшилсон юм. 

Тэгвэл тус хэргийг үйлдсэн иргэн Х болон М нарыг хэрэг үйлдэж, зугтах үедээ малчин айлаас мотоцикл, хүнс дээрэмдэж, Зөөлөн богд гэх ууланд бүгж байгаад ар гэрийнхэнтэйгээ утсаар ярьж холбогдон улмаар дөрөвдүгээр сарын 11-ны өдөр уулнаас буухад нь хууль сахиулах албаныхан саатуулан баривчилж байдаг. 

Мөн шүүгдэгч нарын ар гэрийнхний хэвлэлд өгсөн мэдээллээр, “Хүүтэй минь огт уулзуулахгүй байна, холбоо ч барьж чадахгүй байна” гэсэн утга бүхий мэдээлэл өгсөн байсан бөгөөд харин бидэнд өгсөн албаны эх сурвалжийн мэдээллээр, “Шүүгдэгч Х нь ар гэрийнхэнтэйгээ 14 удаа, шүүгдэгч М нь 9 удаа уулзаж, эргэлт авсан байна” гэсэн юм.

Харин тус хэргийн талаар иргэдийн үзэж байгаагаар харуулын дарга болох талийгаачийн дарамт шахалтаас болж цэргүүд ийм зүйл хийсэн байж болзошгүй гэж үзэж байсан юм.

Мөн тус ангийн хилийн заставт хугацаат цэргийн алба хаагч нарыг дэглэж, биед нь халдсан тохиолдол нэлээдгүй гарсныг тэнд алба хааж байсан цэргүүд ч өгүүлээд байсан. Тухайлбал, иргэн С нь тухайн ангид алба хааж байх үед салааны дарга болон харуулын дарга нар цэргүүдийг хориотой газар тамхи  татсан, хоорондоо муудалцсан, тушаал зөрчсөн, манаанд гарсан байх хугацаандаа унтсан, цэргийн байранд гар утас ашигласан, цэвэрлэгээ муу хийсэн гэх зэрэг шалтгаанаар 2020 оны арван нэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын хүртэл нэг бус удаа гар хүрч байсан гэжээ. Харин холбогдох албаны эх сурвалж мэдээлэхдээ харуулын дарга талийгаач Г-г цэргүүдээ огт зодож байгаагүй гэсэн байдаг бөгөөд удахгүй болох шүүх хурлын үеэр яг ямар улмаас цэргүүд ийм үйлдэл гаргахад хүргэв гэдэг тодорхой болох аж.