2019 оны Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн тул түүний барилдах эрхийг тодорхой хугацаанд хасаж, Улсын аварга цолыг нь хураах шийдвэрийг шүүхээс гаргасан. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан зарлиг гаргаж, Э.Оюунболдын 2019 оны баяр наадамд түрүүлж, хүртсэн “Улсын аварга” цолыг нь хүчингүй болгосон билээ.
Тэгвэл Э.Оюунболдтой холбоотой “допинг”-ийн асуудал гарахаас өмнө буюу 2019 оны Долдугаар сард түүнийг ЦЕГ-ын дарга С.Баатаржав хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, Э.Оюунболдод “цагдаагийн дэд хурандаа” цол олгосон байдаг.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж Э.Оюунболд болоод тус наадамд шөвгөрч үзүүрлэсэн бөхчүүдийг хүлээн авч, уулзах үеэрээ Э.Оюунболдыг улсын наадамд түрүүлсэнд нь баяр хүргэж, Хууль зүйн яамны зүгээс “Таван өрөө байр” өгч буйгаа мэдэгдсэн байдаг. Тухайн үедээ Ц.Нямдорж сайд “Энэ байр баригдаж дуусаагүй, ашиглалтанд ороогүй байгаа шүү” гэж Э.Оюунболдод хандаж хэлж байсан байна.
Харин тус мэдээллийг холбогдох байгууллагуудаас хэвлэлд гаргаагүй өнгөрсөн талаар бидэнд эх сурвалж мэдээлж байв.
Иймд Улсын аварга цолоо хураалгасан Э.Оюунболдод ЦЕГ-аас олгосон цагдаагийн дэд хурандаа цол болоод ХЗДХ-ийн өгнө гэж амласан таван өрөө байрыг буцааж авсан уу гэсэн асуулт гарч байгаа юм.