Согтуурсан үедээ нас өндөр аавыгаа түлхэж унагаан, тавилга мөргүүлж амийг нь хохироосон иргэнд 18 жилийн ял оноожээ

Согтуурсан үедээ нас өндөр аавыгаа түлхэж унагаан, тавилга мөргүүлж амийг нь хохироосон иргэнд 18 жилийн ял оноожээ

Энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ч нь гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эцэг иргэн Б-г өндөр настай, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж онц хэрцгийгээр амь насанд нь хүрсэн хэрэг гарч, саяхан шүүхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, Талийгаач Б нь 82 настай өндөр настай иргэн байсан бөгөөд түүний хамт эхнэр В 75 настай эмэгтэй, хүү Ч нар амьдардаг байжээ. Хэрэг гарсан тухайн өдөр 18-20 цагийн орчимд Ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ орж өөрийн төрсөн аав Б-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цохиж, түлхэж унагаан тавилга мөргүүлж амь насыг нь хороосон гэмт буруутайд тооцсон байна. Мөн өөрийн төрсөн эх В-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон хэрэгт мөн давхар холбогджээ.

-ХЭРЭГТЭН ХИЙСЭН ХЭРГЭЭ ОГТ САНАХГҮЙ БАЙНА ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Би тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад нэг найзтайгаа тааралдаад шил архи уусан. Тэгээд мөнгөгүй байсан учраас гэр рүү орж архины мөнгө авчхаад эргээд гарсан. Гарч найзтайгаа дахин нэг шил архи уучхаад буцаад гэртээ орж ирсэн. Би түрүүвчээ орхичхоод буцаад гарах гэтэл ээж “одоо гарч яах гээд байгаа юм бэ” гэхээр нь хажуу тийш нь түлхсэн.

Аав цаанаас нь “одоо хайчих гээд байгаа юм бэ” гэхээр нь аав руу очсон. Үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Ухаан орох үед би жижиг өрөөндөө дотуур өмдтэйгөө байсан ба цагдаа нар миний хэвтэж байсан өрөөнд орж ирсэн. Тэгээд би баригдаад явсан” гэсэн юм.

Харин хэргийн гэрч байж болзошгүй иргэний мэдүүлгээр, “Над руу хэрэг гарсан өдөр 19 цагийн орчимд ээжээс “аав чинь үхлээ, цагдаа дуудаарай” гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед 11 секунд л ярьсан. Би 102 тусгай дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тэгээд шууд аавынх руу явсан. Машинаасаа бууж гэрт орох гээд явж байхад байрны орцны үүдэнд ах Ч-тэй таарсан түүнийг цагдаа нар авч явж байсан.

Намайг гэрт ороход аав ээж, нэг цагдаатай байсан. Аав том өрөөний буйдан дээр дээш харж хэвтсэн байсан бөгөөд энэ тэнд бөөн цус болчихсон байдал угтсан. Ээж цочирдоод аавыг олон удаа дуудсан ч хариу өгөхгүй байсан.

Мөн түргэн тусламжийн утсанд дуудлага өгснөөс 15-20 минутын дараа ирээд “Эмнэлэг рүү авч явах боломжгүй гээд тариа тариад нас барсан” гэсэн утга бүхий зүйлийг мэдүүлжээ.

-ШҮҮХЭЭС ХЭРЭГТЭН Ч-Д 18 ЖИЛ 3 САРЫН ХОРИХ ЯЛЫГ ХААЛТТАЙ ХОРИХ АНГИД ЭДЛҮҮЛЭХЭЭР ТОГТООЖЭЭ-

Харин тус хэргийг үйлдсэн Ч-г сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн ямар нэгэн өвчингүй бөгөөд болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж үзэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулжээ.

Харин нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, нийт 90 хоногийн хорих ялаар тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял дээр 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

ЖИЧ: Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг бид нийтэллээ.