-ХЭДЭН ЦАГААС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД ЗАМ ХААХ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ-
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалт хийх талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: “Айлчлалтай холбоотойгоор цахим орчинд буруу ташаа мэдээллүүд цацагдаж байна. Өчигдөр орой гэхэд хоёр өдөр замыг бүхэлд нь хаана гэсэн мэдээлэл тархаж, үүнд иргэд их бухимдсан. Өнөөдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Өндөр хэмжээний зочид төлөөлөгчид өнөө орой ирэх үед түр хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм” гэв.
Иймээс өнөөдөр орой /2019.09.02/ "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас Шангри-Ла зочид буудал хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Харин хэдэн цагаас хэдэн цагийн хооронд зам хаах тодорхой мэдээллийг өгөх боломжгүй гэлээ. Харин маргааш /2019.09.03/ Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хэсгийг тус тус хэсэгчлэн хаах аж.