2015 онд анх Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ачаалал, түгжрэлийг бууруулах зорилготой “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг баталж, 2019 оны зургадугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталсан байдаг.
Тэгвэл энэ нь дүрэм, журам сахиулах гэхээсээ илүүтэй автомашин ачилтын компаниудын ашиг хонжооны хэрэгсэл болж төр, иргэн хоёрын дунд үл ойлголцлыг бий болгоод байгаа юм.
Нөгөөтэй, Үндсэн хуулийн 16.3-д “Монгол улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг.
Иймд автомашин ачилтын журам нь иргэдийн хөдлөх хөрөнгийг дур мэдэн авч Үндсэн хууль зөрчиж үйлдэл ч болж байгаа юм. Тэгвэл автомашин ачиж, шилжүүлэх журмыг өөрчилж, шинэчлэн батлахаар болсон байна. Бид. энэ талаар ажлын хэсгийн ахлагч НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтоос тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, “Нийслэлийн хэмжээнд иргэдийг бухимдуулдаг томоохон хэд хэдэн асуудлууд байдаг. Тэдний нэг бол яах аргагүй “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах" журам. Иймд тус журмыг эргэж хараад иргэдэд илүү хялбар аргаар хууль журмыг биелүүлэлтийг нэмэгдүүлж хэн хэндээ ашигтай байдлаар шийдэх үүднээс энэхүү журмыг эргэж харан өөрчлөлт хэрэгтэй хэмээн санаачилж, одоо ажлын хэсэг байгуулаад танилцуулах шатандаа явж байна” гэсэн юм.
-ШИНЭ ЖУРАМ БАТЛАГДВАЛ, "ХОРИГЛОСОН ГАЗАРТ АВТОМАШИНАА БАЙРШУУЛСАН БОЛ АЧИХААС УРЬТАЖ ЖОЛООЧИД УТСААР ЗААВАЛ МЭДЭГДЭНЭ"-
Шинэ журам батлагдвал дараах дөрвөн өөрчлөлт орно:
- Автомашин ачилтын компани эцсийн байдлаар оролцоно. /Нэгдүгээр эгнээнд автомашин тавих нь өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл мөн. Иймд жолоочид торгуул оногдуулах нь зөв хэдий ч шууд ачиж явна гэдэг нь буруу. Энэ нь автомашин ачилтын хувийн хэвшлийн компаниуд өөрсдийн ашгийг харж байгаа үйлдэл юм. Иймд төр дунд нь оролцож, олон нийтийн байцаагчийг ажиллуулж жолоочид эхлээд жолоочид утсаар мэдэгдэж гарч ирэхгүй бол ачилтын компани дуудаж ачуулах юм
- Хаанаас ачигдаж байгаагаасаа хамаарч таарсан үнэлгээтэй торгууль оногдуулна. /Мөн одоогийн журамд 5 км-ийн зайнаас ч байсан, 50 метрийн наанаас ч ачигдсан адилхан 60 мянган төгрөгийн торгуулийг иргэдээс авдаг. Иймээс хэрэв иргэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж автомашинаа ачуулсан бол зөрчлийн тухай хуулиараа 20 мянган төгрөгийн торгуулийг төлнө. Мөн дээрээс нь ачилтын машины хураамжийг нэмж төлнө. Тэгэхдээ хаанаас хэдэн км-ийн зайнаас ачигдсанаас хамаарч өөр өөр үнэлгээтэй байна гэсэн үг юм/
- Хувийн хэвшлийн ачилтын компани улсад татвар төлнө. /Нийслэлийн хэмжээнд тус журамтай холбогдуулан 14 компанитай гэрээ хийсэн байдаг. Тэгвэл эдгээр компаниуд өдөр хэдэн автомашин ачсанаар улсад татвар төлдөг болно. Энэ нь эргээд нийслэлд замын өргөжүүлэлт болон засвар, үйлчилгээ, зогсоолын талбайг нэмэгдүүлэх зэрэгт орж байх болно/
- Олон нийтийн байцаагч иргэдийн утсанд залгаж мэдэгдэнэ. /Бусад улс орны жишгээс харвал хэрэв дүрэм зөрчсөн бол олон нийтийн байцаагч ажилладаг. Манайд бол дүрэм зөрчсөн бол шууд ачих системээр ажилладаг. Иймд олон улсын жишгийг дагасан ч иргэдээ бодсон ч олон нийтийн байцаагч хэрэгтэй гэсэн үүднээс ажиллуулна. Эдгээр нь төрийн дүрэмт хувцастай байх бөгөөд хэрэв иргэн зөвшөөрөлгүй газар автомашинаа байршуулсан бол 3-5 минутын дотор гарч ирэхийг иргэдийн гар утсаар залгаж мэдэгдээд гарч ирэхгүй бол ачилтын компанид ачигдана гэсэн үг/.
Мөн Улаанбаатар хотын төлөвлөлт буруу учраас бүх газарт нэгдүгээр эгнээнд тавьж болохгүй гэх нь өрөөсгөл ойлголт учраас нийслэлийн тодорхой зарим хэсгүүдийн ачаалал багатай нэгдүгээр эгнээнд зогсож болох тэмдэглэгээ тавьж 3-5 минут зогсож болох зөвшөөрөлтэй болгоно гэсэн юм. Иймээс дараа долоо хоног гэхэд тус ажлын хэсэг НИТХ-ын 45 төлөөлөгчид болоод тэргүүлэгч, Засаг даргын Тамгын газарт танилцуулж батлагдвал шинэ журмыг хурдан хэрэгжүүлэх болно гэж мэдэгдлээ.