-АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ТҮР ХУГАЦААГААР ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАНА-
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр буюу маргааш албан ёсны айлчлал хийх юм. Уг төрийн өндөр хэмжээний айлчлалын үеэр хоёр өдрийн турш бүтэн замын хөдөлгөөнийг хаана гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй.
Энэ мэдээлэл ташаа бөгөөд маргааш орой ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг ирэх үеэр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Сүхбаатарын талбай хүртэлх замыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаах юм байна. Энэ чиглэлийн замын хөдөлгөөн маргааш ажлын цагуудад хэвийн явагдах юм.
Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн дараах авто замуудыг нөгөөдөр буюу есдүгээр сараас 03-ны өглөөнөөс оройны 20.00 цаг хүртэлх хугацаанд хэсэгчлэн болон бүрэн хаана. Тодруулбал,
Наадамчдын гудамж - Яармагийн гүүрнээс баруун тийш “Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал хүртэл
Энхтайваны өргөн чөлөө - Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш 1-р хорооллын Саппора, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл
Чингисийн өргөн чөлөө - Төв шуудангийн урд талын дөрвөн замын уулзвараас Энхтайвны гүүрэн дээгүүр урагш Яармагийн гүүр хүртэл
Уулын зам,
Амарын гудамж - Сүхбаатарын нэрэмжит талбайгаас зүүн тийш Улсын хэвлэлийн комбинат /Улаанбаатар галерей/-ын урдуур Бага тойруу хүртэл
Сүхбаатарын гудамж - Төв музейн зүүн талын замын уулзвараас хойш Их тойруу хүртэл
Жуулчны гудамж - Үндэсний түүхийн музейн урд талаас баруун тийш Их тойруу, С.Чоймболын гудамжны огтлолцол хүртэл
Залуучуудын гудамж - Токиогийн гудамжнаас зүүн тийш Сансарын тунелээр Их тойруу хүртэлх гудамж зэрэг замууд тодорхой хугацаанд хэсэгчлэн болон бүрэн хаагдана.
Цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх юм байна.
Мөн замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
-МАРГААШ ЗОЧИН ХОТЫН ТӨВӨӨР ЯВАХ ТУЛ ХЭСЭГ ХУГАЦААНД ХӨДӨЛГӨӨН ХААНА-
ТЦА: Өчигдрөөс эхэлж буруу ташаа мэдээлэл тархаж эхэлсэн байгаа. Бүрэн хаана гэдэг маань тухайн өндөр зочин төлөөлөгч явах үеэр хөдөлгөөн эсрэг урсгал байхгүйгээр хоёр урсгалаа бүрэн чөлөөлж хаахыг хэлж байгаа юм.
Тэрнээс биш өнөөдөр маргааш бүх замыг тэр чигт нь бүтэн өдрийн турш хаахгүй. Тэгэхээр иргэддээ зөрүүтэй мэдээлийг ойлгуулах үүднээс эхнээс тайлбарлая.
Өнөөдөр буюу 2-ний өдөр ажлын цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахгүй. Харин зочин төлөөлөгч айлчилж Нисэх буудлаас нааш зочид буудал хүртлэх чиглэсэн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах юм. Маргааш бол зочин маань хотын төвөөр хөдөлгөөнд оролцох тул тэр үеэр хөдөлгөөнийг цагийн хязгаартай түр хаах юм. Ингэхдээ сөрөг хөдөлгөөн явуулахгүйгээр замын хөдөлгөөнийг түр маршрутын дагуу хаана гэсэн мэдээлэл өгөв.