Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Таван салааны гарам” гэдэг газарт Улаанбаатар хотоос тус суманд очиж хадлан бэлтгэх ажилд оролцож байсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн О нь энэ сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим “Онон” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 16:45 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авчээ.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэх хайх аврах салбарын алба хаагчид иргэн О /55 настай, эрэгтэй/-ыг 09.11-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:54 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 300 метр зайтай “Онон” голын усанд доошоо харсан байдалтай хөвж байсныг олж, цогцсыг гарган өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг урьдчилан хамгаалж байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.