Автомашины жолооч нэгийгээ шахсанаар хашлага мөргөж осолдсон байж болзошгүй

Автомашины жолооч нэгийгээ шахсанаар хашлага мөргөж осолдсон байж болзошгүй

Дүнжингаравын зүүн урд замд спорт тоноглолтой хоёр автомашин уралдаж байхдаа нэг нь онхолдож улмаар 18-22 насны гурван залуус газар дээрээ аймшигтайгаар амиа алдсан осол олны анхаарлын төвд байсаар байна.

-ОНХОЛДСОН АВТОМАШИН ЗАМЫН ХАШЛАГА МӨРГӨСНӨӨС БОЛЖ ОСОЛ ГАРСАН-

Уг ослыг Тээврийн цагдаагийн албанаас нарийвчлан шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар "хурд хэтрүүлэн" хоёр машин өөр хоорондоо уралдаж байгаад дээрх осол гарсан нь тогтоогджээ. Мөн өөр хоорондоо уралдаж байсан автомашины жолооч нөгөөгөө шахаж мөргөсөн байж болзошгүй зарим нөхцөл байдал илрээд байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Бид энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад, "Яг нэг автомашины жолооч уралдаж байхдаа нэгийгээ мөргөсөн асуудал одоогоор тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин уралдаж байхдаа хохирогч замын хашлага мөргөснөөс болж онхолдсон. Автомашин уралдаж байхдаа маш хурдтай явж байсан учраас хашлага мөргөх үедээ зам дээр олон эргэлдэж замын хажуу руу унасан байсан гэв.

Онхолдсон тээврийн хэрэгслийн дугуй салсан, аккумулятор нь шидэгдсэн, жолооч осол хийсэн цэгээс маш хол зогссон байжээ. Гэхдээ одоогоор хурдыг тодорхойлох боломжгүй гэдгийг албанаас хэлж байна. Түүнчлэн хамт уралдаж байсан жолоочийг одоогоор гэрчээр байцаалт мэдүүлэг авч хэргийн нөхцөл байдлыг тогтоохын тулд шалгаж эхлээд байгаа юм.

Харин тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа "хурд хэтрүүлсэн, чиг, үйлдэл буруу хийсэн үү"  гэх зэрэг асуудлаар хуулийн дагуу шалгаж байгаа ажээ.




Өнөөдөр туулай өдөр

18 цагийн өмнө