Өнгөрөгч наймдугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн гэрт Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж 48 цагийн хугацаатай саатуулсан.
Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мөн бас нэг ноцтой асуудал яригдаж буй нь тэрбээр өөрийн хяналт тавьж байсан хэрэгтэнтэй хувийн харилцаа тогтоож албан тушаалын байдлаа ашиглан хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг хэрэгт сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар холбогдсон байж болзошгүй гэж буй юм.
Тэгвэл зарим эх сурвалжийн бидэнд мэдээлж буйгаар, Ш.Нямдоржид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд энэ сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг хэлэлцсэн байна. Ш.Нямдоржийн хувьд хэргээ хүлээсэн учир хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаад байжээ.
Ингээд шүүхээс Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, 22.10 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг гэм буруутайд тооцож, хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгон хураажээ. Мөн түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.