Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Үндэсний лавлагаа лабораторийн эрэгтэй ажилтан тус газарт ажилладаг эмэгтэйг ажлын байр дээр нь хүчиндсэн хэрэг саяхан гарсан талаар бид өнөөдөр /2021.09.10/ мэдээлсэн.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас, "Наймдугаар сарын 19-ны өдөр МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ахлах мэргэжилтэн У гэгчид хүчиндүүлсэн гэж тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн Х нь цагдаагийн байгууллагад хандсан.
Цагдаагийн байгууллага иргэн Х-гээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, есдүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэж мэдэгдлээ.
Харин өөр нэг албан бус эх сурвалж, “Тус хүчингийн хэрэг ажлын цагаар, ажлын байр дээрээ архидан согтуурсны улмаас гарсан байж болзошгүй байгаа. Харин тус ажлын байрны архидалт олон хүнийг хамарсан ч байж магадгүй байна. Харин тус лабораторийн удирдлагууд хэрэг гарах үеэр хаана байсан нь тодорхойгүй байна” гэсэн юм.
ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.