Цар тахлын нөхцөл байдал, халдварын тархалтын улмаас Улсын онцгой комисс, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх арванхоёрдугаар сарын 31-ныг /2021.12.31/ хүртэл сунгах шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбоотойгоор урлаг соёлын арга хэмжээ, тоглолт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хурим найр, баяр ёслолыг бүхэлд нь хориод буй.
Тэгвэл Засгийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай хамтран 100 гаруй хувийн хэвшлийг оролцуулсан “Цахим үндэстэн” арга хэмжээг энэ сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Тодруулбал, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоёр өдөр зохион байгуулагдах тус арга хэмжээнд дээрх 100 гаруй аж, ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, худалдаалахын зэрэгцээ технологийн шинэ шийдэл, инновацийн салбарт хийгдэж буй сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлыг дэлгэх аж. Уг арга хэмжээ нь технологийн салбарт суралцаж, ажиллаж буй залуус болон бусад иргэдэд шинэ санаа, шийдэл өгөх арга хэмжээ байж болох ч цагаа олоогүй гэх шүүмжлэлд өртөөд байна.
Учир нь Засгийн газар өөрийн гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж буй юм. Дашрамд дурдахад, тус арга хэмжээг зохион байгуулах талбайг тохижуулснаас гадна тайзыг засч бэлэн болгожээ.