Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Орон сууц хувьчлах тухай” тогтоолд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат 95 цогцолбор”-ын 80 айлын орон сууцыг Гадаад хэргийн яамны алба хаагчдад үнэ төлбөргүй хувьчилсан байдаг.
Уг байр нь “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй. Гэвч тухайн үед тус газрын захирлаар томилогдон ажиллаж байсан З нь өөрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа гурван байрыг завшин, улсад 510,240,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр шүүхээр тогтоогджээ. Хэргийг тодруулбал,
-“ДАРГА ХҮНИЙ ӨӨДӨӨС ЮУ ЯРИХ БИЛЭЭ. ХЭРЭВ ЭСЭРГҮҮЦЭХ ЮМ БОЛ БИ АЖИЛГҮЙ БОЛНО” ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ-
Засгийн газрын тогтоол гарсны дараа “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал З нь хувьчлагдах 20 байрны квотод өөрийн байгууллагын
- диспетчер, жолооч Ч-ын нэр дээр93.78мк.в гурван өрөө,
- жолооч Б-ын нэр дээр129.77 мк.в дөрвөн өрөө,
- жолооч Г-ын нэр дээр93.78 мк.в гурван өрөө байрыг тус тус хувьчилжээ.
Гэвч нэг жилийн дараа буюу 2017 онд дээрх нэр бүхий гурван ажилтнаар итгэмжлэл хийлгүүлэн, тус байруудыг өөрийн төрсөн хүү Б, эхнэр А нарын нэр дээр шилжүүлсэн авч, 93.78 мк.в хэмжээтэй хоёр байрыг нь бусдад худалдан борлуулж, ашиг олсон байна. Харин үлдсэн 129.77 мк.в дөрвөн өрөө байрыг эхнэр А-ийн төрсөн ахын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Хэргийг мөрдөн байцаах явцад өөрийнх нь нэр дээр байр авсан жолооч Б мэдүүлэг өгөхдөө “...Томилолтоор гадаад руу явах гэж байхад надаас “гэр хороололд байдаг уу” гэж асуусан. Би “тийм” гэхэд “танд байр өгнө” гээд канондсан гэрчилгээ үзүүлсэн. Тухайн үед байр авч байгаа хүмүүст гэрчилгээ өгч байсан юм. Харин надад өгөөгүй. Би ч миний нэр дээр авч байгаа ч надад байр оногдохгүй юм байна ойлгосон. Дарга хүний өөдөөс юу ярих билээ. Хэрэв би эсэргүүцэх юм бол ажилгүй болох байсан. Тэгээд л зөвшөөрсөн” гэжээ.
Дээр дурдсанчлан тухайн үед Засгийн газрын тогтоолын дагуу “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын ажилчдад 20 байрны квот очсон. Гэвч квотод багтаж чадаагүй, хүсэлт ирүүлсэн иргэд “орон сууцны хувьчлал шударга болсонгүй” хэмээн гомдол гаргасны дагуу Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар гэх мэт холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлжээ.
-ЯЛЛАГДАГЧ ӨӨРИЙН ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖЭЭ-
Ийнхүү З-ын гэр бүлийн хүмүүсээс байр худалдан авсан болон хэрэгт холбогдсон бүхий л гэрчээс мэдүүлэг авсны эцэст түүнийг гэм буруутай болохыг тогтоожээ.
Хэрэгт яллагдагчаар татагдсан Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ийн дарга З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “Маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” хэмээн мэдүүлсэн байна.
Улмаар 93,78 м.кв гурван өрөө хоёр ширхэг байрыг мөрдөн байцаалтын явцад хийсэн хөндлөнгийн үнэлгээний үнийн дүнгээр бэлнээр/304.040.000 төгрөг/ төлжээ. Харин 129,77 м.кв байрыг нь буцаан өгөхөө мэдэгджээ.
Мөн өмгөөлөгчид нь ч шүүх хуралдаанд оролцохдоо З-д холбогдох гэм буруу, хэргийн нотлох баримт, зүйлчлэлийн хүрээнд маргаагүй, түүний гэм бурууг хүлээн зөвшөөрсөн аж.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэсэн байна.