Өнгөрөгч наймдугаар сард АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа явуулж “Дулааны цахилгаан станц3” /ДЦС-3/ ТӨХК-ийн захирал Чулууны Чинбатыг ажлын өрөөнөөс нь баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Эрчим хүчний яамны харъяа зарим байгууллагын удирдлагууд их хэмжээний төсөвт өртөг бүхий тендер сонгон шалгаруулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөлжсөн гэх гомдол АТГ-т нэг биш удаа ирэх болсон аж. Улмаар АТГ-аас хяналт, шалгалт явуулахад тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг зориудаар хасаж, өөрийн танил тал, хамаарал бүхий этгээд буюу аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тендерийг өрсөлдөгчгүй олгож, шууд гэрээ байгуулсан байж болзошгүй зэрэг зөрчил илэрсэн тул АТГ-аас Ч.Чулууныг гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилсан байдаг.
Ингээд 48 цаг хоригдсон “ДЦС-3”-ийн захирал Ч.Чинбат суллагдсан даруйдаа өөрийн хүсэлтээ өгч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн гэдэг.
Мөн тэрбээр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тодруулбал тэрбээр “Содон номин констракшн” ХХК-нд хууль бусаар тендер олгож, үйл ажиллагаа нь эхлээгүй байхад төслийн санхүүжилтийг 100 хувь олгосон нь илчлэгдсэн. Угтаа бол урьдчилгаа шилжүүлж, нийт хийгдэх ажлын хэдэн хувийн биелэлттэй явж буйгаас хамаарч дараа дараачийн мөнгөн дүнг үе шаттайгаар шилжүүлэх ёстой. Гэвч Ч.Чинбат эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн бүх зардлыг тус компанид шууд шилжүүлсэн байдаг аж.
Мөн “Тод эксим” ХХК-нд хууль бусаар тендер өгч, түүнээсээ их хэмжээний авлига авсан байх магадлалтай гэдэг.
Тэгвэл өнгөрөгч наймдугаар сарын 16-ны өдөр Ч.Чинбатад “Дулааны цахилгаан станц3” /ДЦС-3/-аас ТУЗ-ын тогтоолын дагуу 30,536,068 төгрөгийн тэтгэмж олгосон байна. Тодруулбал, ДЦС3-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д дараах хүмүүс байдаг байна. Үүнд;
ТУЗ-ын дарга;
- Ж.Батсуурь - Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга
ТУЗ-ийн гишүүд;
- Т.Батдондог – Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн дарга
- Ц.Шинэхүү – Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төлөвлөлт хөрөнгө оруулалтын албаны дарга
- Б.Нармандах – Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газар- Хуулийн хэлтэс – мэргэжилтэн
- С.Анар – Эрчим хүчний яамны Бодлогын төлөвлөлтийн газар –мэргэжилтэн
- Б.Билгүтэ - Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтэс мэргэжилтэн