Өчигдөр /2021.09.04/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн хойд зам буюу Сэлбийн гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид мэдээлж байсан.
Тодруулбал, “Ланд круйзер 200” маркын автомашин явган зорчигч мөргөж гэмтээгээд, хашлага даван гүүрнээс унасан юм. Тус ослын улмаас одоогоор хүний амь нас хохироогүй ч мөргүүлсэн охины биеийн байдал тун хүнд байгаа аж. Тус машинд дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд мөн нэгнийх нь бие тун муу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн юм. Харин жолооч гараа хугалсан байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү хэвлэлд өгсөн тодруулагтаа, “Хэргийн газрын үзлэг болон мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ослын нөхцөл, шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэсэн байна.