Өнгөрсөн наймдугаар сарын 19-ны өдөр /2021.08.19/ БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт Монгол улсын иргэн Н хамт ажилладаг Солонгос захиралдаа нэг цагийн турш зодуулж, хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Монгол улсын иргэн Н БНСУ-д хоёр жилийн турш ажилласан ба Солонгос хэлээр сайн ярьж чадахгүй бөгөөд хэрэг гарах үед тус улсын цагдаа нар тоолгүй өнгөрөөсөн нь манай улсын иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд байгаа юм.
-ХОХИРОГЧ БҮСГҮЙГ ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУДАГ ХЭМЭЭН ЦАГДАА НАР ТООГООГҮЙ-
Энэ талаар хохирогч эмэгтэй, “Наймдугаар сарын 19-ны орой ажлаа дуусгаад найзынх руугаа явж байтал захирал 20:00 цагийн үед залгаад ажилдаа хурдан ирэхийг тушаасан” гэжээ. Ингээд ажил руугаа яваад очтол захирал нь үг хэлээр доромжилж харааж эхэлсэн ба ор луу шидэж хүчирхийлэхийг завдсан байна. Улмаар эсэргүүцэл үзүүлтэл зодсон аж. Хохирогч бүсгүй цагийн турш ноцолдож тэмцсэний эцэст зугтаж гараад хамгийн эхэнд тааралдсан дэлгүүр лүү орж, цагдаад дуудлага өгөх зуур захирал нь дахин гарч ирж бүсгүйг чирч машиндаа суулгахыг оролдсон гэжээ.
Тус улсын цагдаагийн алба хаагч нар ирсэн ч харилцан зодолдсон гэх хэргээр бүсгүйг цагдаагийн газарт аваачиж хэрэг үүсгэсэн байна.
Мөн эмч эмнэлгийн ажилчид ирсэн ч “Мөнгө байгаа юу?” гэж асуугаад “Байхгүй” гэхээр нь анхан шатны тусламж ч үзүүлэлгүй явсан байна. Одоогийн байдлаар иргэн Н-ийн гурван хавирга хугарч, эрүү мултаралттай, бие нь шарх сорвиор дүүрсэн байгаа аж.
-ЗАХИРАЛ ЭРЭГТЭЙ ӨМНӨ НЬ БАС МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ДАРАМТАЛДАГ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тус буудлын захирал нь өмнө нь ч бас Монгол бүсгүйг хэл амаар доромжилж, хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй” гэсэн юм. Одоогоор хэргийг үйлдсэн гэх эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хохирогчийг гомдолгүй болгох тал дээр ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өмнө нь БНСУ-даа цагдаагийн төрийн албанд ажилладаг байсан гэжээ.
Иймд тус улсад ажиллаж амьдардаг, Монголчууд нэгдэн хохирогч эмэгтэйг хамгаалалтад аван холбогдох байгууллагын зүгээс арга хэмжээ авахыг иргэдийн зүгээс хүсэж байгаа юм.
Харин Эээ талаар өчигдөр /2021.09.03/ Монгол Улсын Гадаад харилцааны яам цахим хуудастаа, “Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд бга Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн. Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах болно” гэсэн юм.
Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд бга Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн.Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах бно.
— MFA Mongolia (@MongolDiplomacy) September 3, 2021