С.Зоригийн хөшөөний урд талаас баривчлагдсан Д.Монголхүүгийн хүсэлтийг хүлээн авалгүй хэрэг нээхээс татгалзжээ

С.Зоригийн хөшөөний урд талаас баривчлагдсан Д.Монголхүүгийн хүсэлтийг хүлээн авалгүй хэрэг нээхээс татгалзжээ

Өнгөрсөн зургадугаар сарын 25-ны /2021.06.25/ өдөр иргэн Д.Монголхүү С.Зориг агсаны хөшөөний орчимд парад болон Үндэсний баяр наадмыг тэмдэглэхийг эсэргүүцэж хэд, хэдэн хүний хамт лоозон барьж зогссон билээ. Үүнтэй давхцан тус өдөр Ерөнхийлөгчийн тангарах өргөх ёслол болж иргэн Д.Монголхүүг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө цагдаа нар эсэргүүцэл хийх боломжийг хааж, хязгаарлан хууль бус шаардлага тавьж,  баривчилж байсан юм.

Тэгвэл тэрбээр энэ үйлдэлтэй холбоотойгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэл нээх хүсэлт гаргаж байжээ. Түүнд дурдсанаар, "2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах С.Зориг агсны хөшөөний орчимд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн ямар нэг үндэслэл, тайлбар зөвшөөрөлгүй хууль бусаар шаардлага тавьж, Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг нь хязгаарласан. Цагдаагийн алба хаагчийн хууль бус шаардлагыг биелүүлээгүйн төлөө оногдуулсан шийдвэрийг шалгаж, үнэн зөвөөр тогтоож өгнө үү" гэх өргөдлийг гаргаж байжээ.

Гэвч энэхүү хүсэлтийг хүлээн авч шалгасан ч нотлох баримтуудаар Цагдаагийн алба хаагч хууль бус шаардлага тавьсан болох нь тогтоогдоогүй, мөн гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байна гэж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас үзэж тогтоол гаргасан байна.