Энэ наймдугаар сарын 24-ны өдөр /2021.08.24/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Т хэмээх зочид буудалд эхнэр, нөхөр хоёр амиа хорлож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хэргийн талаар цахим орчинд янз бүрийн мэдээлэл хөвөрсөөр байна. Иймд бид хэргийн талаар үнэн зөвийг мэдээлэхээр эх сурвалжаас тодруулж, хэргийн газрыг зорин бэлтгэн хүргэж байна.
-ХОСЫН ҮХЭЛ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ. АМИА ХОРЛОСОН НЬ ҮНЭН-
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэргийн мөрдөн шалгалтын үеэр хос их хэмжээний өрөнд орсон нь үнэн болох нь тогтоогджээ. Өмнө нь хэд, хэдэн удаа амиа хорлохыг ч завдаж байсан байж болзошгүй байна. Гаднын ямар нэг нөлөө байгаагүй аж. Энэхүү амиа хорлох оролдлого нь нэг удаагийн хэрэг биш бөгөөд өмнө нь ч бас тус хэргийг үйлдэхээр завдаж байсан нь өрнөөс болж асар их сэтгэлийн дарамт өвөртөлж явсныг илтгэж байсан гэжээ.
Хэрэг гардаг тус өдрийн 17:30 цагт цагдаагийн байгууллагын холбогдох утсанд “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан байна” гэх дуудлага ирж, цагдаагийн байгууллагынхан тус газар очиж ажилласан ба энэ талаар ЦЕГ-аас Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлсэн.
Тэрбээр "Хэргийг шалгах явцад иргэн М, Б болох 30,32 насны эрэгтэй, эмэгтэй гэр бүлийн харилцаатай болох нь тогтоогдсон ба согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэжээ. Одоог хүртэл задлан шинжилгээний хариу гараагүй байгаа тул нарийн тодорхой зүйлс удахгүй тодорхой болно" гэсэн юм.
-ГУРВАН ХҮҮХЭД АНХНААСАА ЭМЭЭ ДЭЭРЭЭ БҮРТГЭЛТЭЙ БАЙСАН-
Мөн хохирогчдын гурван хүүхэд анхнаасаа хохирогч эмэгтэйн ээж буюу эмээ дээрээ бүртгэлтэй хамт амьдардаг байжээ. Тиймээс одоо эмээтэйгээ хамт байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албан дарга Б.Баатархүү мэдэгдэлдээ, “Гэр бүлийн хоёр хүн үр хүүхдээ орхиод амиа хорлох шийдвэр гаргаж байна гэдэг нь хүндэтгэх шалтгаантай байх. Нарийн судалж, шалгаж байж мэдээлэл өгнө. Үнэхээр амиа хорлохоос өөр гарцаагүй байдалд оруулсан нөхцөл, шалтгаан байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгана. Гэм хорын асуудал, амиа хорлоход хүргэсэн шалтгаан шууд болон шууд бус биеийн болон сэтгэл санааны дарамт байсан эсэхийг шалгана" гэж мэдэгдэж байсан билээ.
-ХЭРГИЙН ГАЗАР БОЛОХ ЗОЧИД БУУДЛЫН АЖИЛЧИД СОЛИГДЖЭЭ-
Тус хэргийн мөрөөр бид хохирогчдын амиа алдсан гэх Т зочид буудалд очиж гаднаас харахад ажиллахгүй байгаа мэт харагдав.
Харин дотогш орж үзвэл эл хул байсан төдийгүй ороход ганга, арцны үнэр хамар цоргитол үнэртэж байсан юм. Үүдний хонх дуугарснаас 20-30 секундийн дараа ажилтан эмэгтэй гарч ирэн, “Манай саун, зочид буудал ажиллахгүй байгаа. Засвартай байна. Маргаашаас хэвийн ажиллана” гэлээ. Бид хэргийн талаар тодруулахад, “Би энд ажилд ороод яг хоёр л хонож байна. Би юу ч мэдэхгүй. Юу болсон юм бол оо” гэсэн юм.
Үүнээс дүгнэхэд, тус зочид буудал нь хэрэг гарснаас хойш ажилчдаа сольсон байх магадлалтай байгаа юм.
Иймд ард иргэд бусдын явуулж буй заль мэхэнд хууртагдах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, аливаа зүйлд илүү няхуур, нягталж үзэхийг сануулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.