СУРВАЛЖИЛГА: “Чингис” зочид буудал явган хүний замыг хашаалснаас болж иргэд зорчиход АЮУЛТАЙ болжээ

СУРВАЛЖИЛГА: “Чингис” зочид буудал явган хүний замыг хашаалснаас болж иргэд зорчиход АЮУЛТАЙ болжээ

Сүүлийн үед нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, хүүхэд, хөгшдийн амрах газрыг хашаалж барилга барих, зориулалтын бусаар ашиглах үйлдэл ихэссэн. Жилээс жилд амрах, чөлөөт цагаа өнгөрөөх, спортоор хичээллэх зай талбай багассаар. Ерөөс хүндээ бус машинд зориулсан орчинг бий болгож, ширэнгэ мэт барилга барьсаар иртэл нэг мэдэх нь ээ уг хотын төлөвлөлт хяналтаас гарсан байсан гэж албаныхан ярьж буй. 

Гэтэл дээрх хууль бус үйлдлийг эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүс хийсэн байдаг. Ганцхан жишээ дурдахад, иргэдийн амарч суудаг Жуковын талбайд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар барилга барихаар эд ажиллаж байна.

-“И-МАРТ”, “ЧИНГИС” ЗОЧИД БУУДАЛ ОРЧИМД ЯВГАН ХҮН ЯВАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ -

Дээрхтэй адил үйл явдал өнгөрсөн амралтын өдөр болов. Тодруулбал, “Чингис” зочид буудлын гаднах явган хүний замыг хашаалж “Хурд” групп барилга барих гэж байна гэх мэдээлэл энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тавигдсан. Сансрын тунел уруудаад байрлах “Чингис” зочид буудал болон И-Март дэлгүүрийг УИХ-ын гишүүн С.Батболд үүсгэн байгуулсан. Одоогоор хүү Б.Баттүшиг нь эзэмшиж, хариуцан ажиллуулдаг билээ. Тус орчим газарт Сү.Батболдын хувийн хөрөнгө байж болох ч явган хүний алхах талбай, нийтийн эзэмшлийн газарт бүдүүлгээр халдаж болохгүй юм. Тэднийг явган хүний талбайг хашаалснаас болж өнөөдөр иргэд машин замаар алхахад хүрч байна. Хэрвээ энэ хугацаанд хэн нэгэн эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл гарвал яах билээ.

Эдгээр болон бусад мэдээллийг тодруулахаад манай сурвалжлах баг “Чингис” зочид буудлыг зорьсон юм. Биднийг очиход өндөр саарал хашаагаар буудлын зүүн болон урд талын талбайг явган хүний замын хамт хашаалсан байсан бөгөөд иргэд хашаатай наалдах шахам  машин замаар алхаж байв.

-ИРГЭД: ХОТЫН ДАРГАА ЭНЭ ХАШААГ БУУЛГАЖ ӨГӨӨЧ.
БИД НАР МАШИНД ДАЙРУУЛАХ НЬ
-

Зарим иргэдийн байр, суурийг сонсоход “Эрх мэдэлтнүүд нийтийн эзэмшлийн зам талбайд халдаж явган хүний замыг хүртэл хашаалсан байна. Үүгээр явахад хүндрэлтэй боллоо. Машинууд дайруулчих гээд явж буйг та бүхэн харж байгаа биз дээ. Нэг өглөө л ийм хашаа барьсан байсан. Ядаж явган хүний замыг үлдээж болно шүү дээ” гэсэн юм.

Биднийг хашаа руу орох гэхэд хашааг барьж буй ажилчид эсэргүүцсэн юм. Тэднээс уг газарт барилга барих эсэх болон ямар компани захиалга өгсөн талаар тодруулахад “Бидэнд мэдэх зүйл байхгүй. Хоёр хоногийн дараа инженерүүд нь ирнэ. Тэднээс асуу” гэж байлаа.

Чингис зочид буудалд гадаадаас тусгай нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа учир дотогш орж мэдээлэл авах боломжгүй байсан бөгөөд буудлын мэргэжилтэнтэй утсаар холбогдоход “Урд талбай хэний өмч болсон. Энд ямар зориулалтын барилга байгууламж барих гэж байгаа талаар мэдэхгүй. Газрыг нь тэгшлэх зорилгоор хашлага босгосон” гэж хариулсан юм.

Яагаад иргэдийн зорчих эрхийг зөрчиж явган хүний замыг таглан хашаа барьсан талаар лавлахад “Чингис” зочид буудал өөрийн эзэмшлийн талбайгаа л хашаалсан гэсэн тайлбар хэлэв.

Харин уг үйл ажиллагааг мэдэж зохицуулалт хийх ёстой Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын ахлах мэргэжилтэнтэй холбогдоход “Тодруулаад эргэж холбогдъё”  гэсэн юм. Үүнээс дүгнэвэл тэрбээр уг үйл явдлыг одоог хүртэл мэдээгүй юу мэдсэн ч мэдэн будилж байна уу гэдэг нь анхаарал татаж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, хууль бус барилга байгууламж барьж буй үйлдлийг таслан зогсоож уг чиглэлд идэвхтэй ажиллаж буй. Тэгвэл “Чингис” зочид буудлын дэргэдэх явган хүний зам талбай, амрах газрыг иргэдэд үлдээж өгнө үү.