“Бүрэн эрхт төлөөлөгч” гэх хуульд байхгүй албан тушаалд Д.Оюунхорол нарыг томилжээ

“Бүрэн эрхт төлөөлөгч” гэх хуульд байхгүй албан тушаалд Д.Оюунхорол нарыг томилжээ

Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гараг /2021.08.18/-т т болсон Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалт хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилсон байгаа юм.

Тэгвэл тэдний томилгоо хууль бус байж болзошгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуульд “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” гэсэн албан тушаал, зэрэг дэв байхгүй байгаа юм.

-ХУУЛЬД ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ ГЭСЭН АЛБАН ТУШААЛ БАЙХГҮЙ БАЙНА-

Тодруулбал, төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна гэж хуульд заасан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 10.1-д төрийн албан тушаалын ангилал, төрлийг “төрийн улс төрийн албан тушаал, төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаал, төрийн үйлчилгээний албан тушаал” гэж ангилжээ.

Харин төрийн улс төрийн албан тушаалд, “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд” зэрэг албан тушаалууд ордог бол, төрийн захиргааны албан тушаалд, “Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны албан тушаалтан, Үндэсний статистикийн хороо” зэрэг ордог байна. Харин төрийн тусгай албан тушаалд, “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүх прокурор” зэрэг ордог бол, төрийн үйлчилгээний албан тушаалд, “төрийн байгууллагын хэвийн үй ажиллагааг хангахад туслах албан тушаалтнууд” ордог байна. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Иймд “Төрийн албаны тухай хууль”-иас харвал Д.Оюунхорол нарын томилогдоод буй “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” гэх албан тушаал нь тус хуульд байхгүй бөгөөд, тэдний гаргасан шийдвэрийн хариуцлагыг хэн хүлээх нь ч тодорхойгүй байна.

Цаашлаад энэ нь ажил үүргийн давхардлыг бий болгож байж болзошгүй юм. Мөн дээрх бүрэн эрхт төлөөлөгчдийн сарын цалин, ажлын хөлсийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байгаа юм.