Цахим сүлжээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд эхнэр, нөхөр хоёр хоолойгоо боомилж нас барсан байдалтай байсан ба тэд их хэмжээний өртэй учраас гэрээслэл үлдээж гурван хүүхдээ орхиод амиа хорлосон гэх мэдээлэл яваад байгаа билээ.
Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өчигдөр /2021.08.24/ 17.30 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажилласан. Одоогийн байдлаар 30, 32 насны М, Б нар боомилсон байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Тухайн амь хохирогчдын хувьд гэр бүлийн харилцаатай. Тухайн буудалд хэд хоносон. Буудлын камерын бичлэгийг шалгахад урьдчилсан байдлаар архидан согтуурдаггүй, өглөө гараад орой ирдэг байсан. Үхлийн шалтгаан задлан шинжилгээний дүнд тодорхой болно.
Хэнд хэдэн төгрөгийн өртэй болох нь мөрдөн шалгалтын явцад тодорхой болно. Гэр бүлийн хоёр хүн үр хүүхдээ орхиод амиа хорлох шийдвэр гаргаж байна гэдэг нь хүндэтгэх шалтгаантай байх. Нарийн судалж, шалгаж байж мэдээлэл өгнө. Амиа хорлох мэдээллийг хэтэрхий дэвэргэх нь сэдэл өгөх сөрөг талтай. Прокурорын хяналт дор мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл шалгалтын дараа тодорхой болно. Тиймээс урьдчилж ямар нэгэн буруу мэдээлэл хүргэхгүй байхыг хүсч байна. Бусдыг амиа хорлоход хүргэх гэсэн заалтаар мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Үнэхээр амиа хорлохоос өөр гарцаагүй байдалд оруулсан нөхцөл, шалтгаан байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгана. Гэм хорын асуудал, амиа хорлоход хүргэсэн шалтгаан шууд болон шууд бус биеийн болон сэтгэл санааны дарамт байсан эсэхийг шалгана" гэлээ.