Өчигдөр /2021.08.23/ “Богдхан төмөр зам”-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа “Мааньт” өртөөнд болсон. Энэхүү төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх бүтээн байгуулалт юм.
-НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАРЫН ХУРД 8 КМ БОЛЖ БУУРЧЭЭ-
“Богдхан төмөр зам” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвлөрөл саарч, авто замын ачаалал буурах үр дүнтэй гэж албан эх сурвалжууд онцолж байгаа. Учир нь өдгөө Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч, өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед 8 км цагийн хурдтай болж, дундаж хурд нь явган хүнтэй адил түвшинд очсон гэдэг.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.08.23/ “Богдхан төмөр зам”-ын нээлтэд оролцож, үг хэлэхдээ, “Автозамын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй юм” гэж мэдэгдсэн.
-ХОС ХӨДӨЛГҮҮРТЭЙ АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ УУ-
Түүний энэхүү мэдэгдлээс үзвэл тэрээр удахгүй Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд албадлагын дараах аргууд хэрэглэж магадгүй байна. Үүнд:
- Тэгш, сондгой дугаараар нь хөдөлгөөнд оролцуулах
- Нийслэлийн төв замыг өндөр төлбөртэй болгох
- Хос хөдөлгүүртэй автомашин /приус/-ы гаалийн татварыг нэмэгдүүлэх
- Хос хөдөлгүүртэй автомашины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох /Приус болон бусад автомашин гэсэн байдлаар/
- Төрийн алба хаагчдыг автомашин унахыг нь хориглох
зэрэг хязгаарлалтын арга хэмжээ авч магадгүй юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр үг хэлэхдээ, “хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно. Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах 5 Үндэсний хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө багтаж байгаа юм” гэж мэдэгдсэн.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахын тулд Приус автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийх нь зөв үү?
Нийт: 6 саналтай