Хүн худалдаалах гэмт хэргийн 131 хохирогчоос 47 нь насанд хүрээгүй байжээ

Хүн худалдаалах гэмт хэргийн 131 хохирогчоос 47 нь насанд хүрээгүй байжээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2021.08.21/  хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө.

Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэг, "2018-2020 оны хооронд "Бэлгийн мөлжлөг"-ийн гэмт хэрэгт нийт 36 хохирогч, 19 холбогдогчтой 15 гэмт хэргийг илрүүлэн шалгасан бол шүүхээс гэм буруутай нэг этгээдэд 7 жилийн хорих ял оногдуулсан. Харин тус оны хооронд хүн худалдаалах гэмт хэрэгт нийт 131 хохирогчийг илрүүлж тогтоосон бол үүнээс насанд хүрээгүй 47 хохирогч бүртгэгдсэн. Энэ төрлийн хэрэгт хүүхэд өртөж, хохирох эрсдэл нэмэгдсэн. 

Манай улсад энэхүү төрлийн гэмт хэрэг голцуу саунмассажны газар, караоке баар, гудамж талбайд бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр явагддаг. Хүн худалдаалах гэмт хэргийн 30 хувь нь 18-21 насны, 20 хувь нь 21-26 насны, 11 хувь нь насанд хүрээгүй эмэгтэйчүүд байна. Мөн "Гадаадад болон өндөр цалинтай ажиллуулна, тэтгэлэгтэй сургалтад хамруулна" гэх мэт хуурамч зар сурталчилгаа болон хохирогчдын эмзэг байдлыг далимдуулах, хүч хэрэглэх замаар аргагүй байдалд оруулж хүчээр биеийн үнэлүүлдэг гэх мэт хэргүүд гарч байгаа тул иргэд анхааралтай байхыг сануулж байна. Мөн хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй байх, элчин сайдын яам, консулын газарт бүртгүүлэх, гэр бүл найз нөхөдтэйгөө холбоотой байх зэргийг анхаарах хэрэгтэй" гэсэн байна.