Өнгөрсөн долдугаар сард /2021.07.19/ УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээс өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, өөрт болон гэр бүлийнхээ эдийн засагт давуу байдал олгож /800 сая төгрөг/ урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргаж байсан тул түүнд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс анх гаргасан яллах дүгнэлтийг хэвээр үлдээж, хяналтын болоод, дээд шүүхэд мэдүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон юм.
-Б.УНДАРМАА: НАМАЙГ “АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ АЛДЛАА” ГЭСЭН БАЙНА. САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙНА-
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Ундармаа давж заалдах шатны шүүх хуралд мэдүүлснээр, “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би энэ хэрэгт хамжигчаар орсон” гэж мэдүүлсэн гэсэн ба яллах дүгнэлтэд “Ард түмний итгэлийг алдлаа” гэж бичсэн. Мөн шүүх намайг “УИХ-д ард түмнийг төлөөлөн сонгогдож, олон нийтийн итгэлийг алдагдуулж иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй” гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
Учир нь би агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт санаачлага, идэвхтэй ажиллаж тойрогтоо “Таван толгой түлш” шахмал түлшний үйлдвэр байгуулж, 1200 гаруй ажлын байр бий болгосон.
Мөн шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлыг өөрийн тойрог 20 дугаар хороон дээр санаачилж, УИХ-ын тогтоол гарсан. Өмхий үнэр, агаар, хөрс усны бохирдол багасаж, гэр хорооллыг барилгажуулах зэрэг ажлыг хийсэн. Бас 10 орчим жил тог цахилгаангүй байсан 3000 өрх айлыг тог эрчим хүчээр хангаж, дэлхийн жишигт нийцсэн шинэ эмнэлэг, анхны эко сургууль, 9 шинэ цэцэрлэг, 5 сургууль, зам, гэрэлтүүлэг гэх мэт бүтээн байгуулалтыг хийсэн” гэсэн утга бүхий зүйл мэдүүлжээ.
Мөн тэрбээр өөрийн эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан үзээгүй хэмээн гомдол гаргаж байсан ба түүнд “Би цаг, минут тутамд хорт хавдартайгаа тэмцэж байна. Хүнд өвчний улмаас хүндрэлүүд үүсэж савны хавдар, дархлаа унаснаас 2013 онд зүүн нүд юм харахаа больж, эрчимт эмчилгээ хийж, одоо эмчийн хяналтад байна.
Тайван орчинд эмнэлгийн хяналтад байхгүй, хугацаа алдвал баруун тал мэдээгүй болно гэсэн.
Даралт байнга 150/100 өндөр байдаг. Захын мэдрэлийн нарийсалттай, бөөрний архаг үрэвсэл, элгээ эмчлүүлэх шаардлагатай байгааг минь харгалзан үзнэ үү. Миний бие гэм буруугаа хүлээж хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр өргөдлөө өгсөн байсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ял болгож өгнө үү” гэж байжээ.
-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ТҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТОРГОХ ЯЛ БОЛГОН ӨӨРЧИЛЖ БАЙЖЭЭ-
Ийнхүү шүүгчдэгч Б.Ундармаагийн биеийн байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс түүний гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулсан байсныг өөрчилж нийтийн албанд томилогдож эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэж байсанд прокурорын байгууллагаас давж заалдах шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл гаргасан байдаг байна.
Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн өнгөрсөн долдугаар сард /2021.07.19/ хэлэлцээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулсан юм.