Авлигатай тэмцэх газраас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулж, холбогдох хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тодруулбал, тус байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нь коронавирусийн цар тахалтай холбогдуулан Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн цэвэр, бохир усны төлбөрийн хөнгөлөлт дээр үнийг хуурамчаар нэмэгдүүлэн бичиж, улсад их хэмжээний хохирол учруулж буй нөхцөл байдлыг АТГ-аас тогтоож, шалгаж байгаа юм.
Тэгвэл АТГ-ын тус шалгалтын үеэр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн саатуулсан талаар эх сурвалж мэдээлжээ. Ж.Батсуурь нь Дорноговь аймгийн засаг дарга, 2012-2016 оны хугацаанд УИХ-ын гишүүн, 2016 онд БШУЯ-ны сайдаар томилогдож байсан нэгэн юм.