Өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхээс 14 настай бага насны охиныг хүчиндсэн хэргээр шүүгдэгчид 10 сарын ял өгөхөөр болоод байсан бол түүнийг өөрчилж “Харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон” гэх зүйл заалтаар 1000 нэгж буюу нэг сая төгрөгийн торгууль ноогдуулан энэ хэргийг хаажээ.
Тодруулбал, Өнгөрсөн тавдугаар сард хохирогч 14 настай охиныг хөрш айлын залуу гэртээ дуудан авч ирж гэрээ дотор талаас нь түгжиж, дөрвөн цагийн турш хүчирхийлсэн байна. Тус үйл явдлаас болж хохирогч охин удаа дараа амиа хорлох үйлдэл хийж, үсээ хайчлан “Эрэгтэй хүн болно” гэх мэт сэтгэцэд ямар нэг байдлаар өөрчлөлт орж өдийг хүрчээ.
Гэтэл тус аймгийн шүүхээс илт давуу шүүгдэгчийн талд орж хэргийг мөнгөн торгуулиар шийдвэрлэсэн нь ар гэрийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Тус шүүх хурал онлайнаар болсон төдийгүй хохирогчийн ар гэрийнхэн "шүүгч шүүгдэгчээс авилгал авсан байж болзошгүй, манай ар гэрийн нөхцөл бололцоо тааруу учраас хэргийг хаах болсон" гэж үзэж байгаа юм.
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Хүчирхийлэлд өртсөн 14 настай охин шүүх хурлаас хойш сэтгэл зүйд нь улам бүр өөрчлөлт орж, улмаар уржигдар /2021.08.11/ алга болж, ойролцоох хоосон хашаа нь дотроос олдсон. Энэ үеэрээ тэрээр амиа хорлох гэсэн байж болзошгүй. Мөн зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд тэднээс ярилцлага авахаар холбогдох болсон нь улам бүр дарамт болж байгаа” гэсэн юм. Иймд холбогдох байгууллагын зүгээс энэхүү хэрэгт арга хэмжээ авч, дахин шалгах шаардлагатай байгаа ажээ.