Авлигатай тэмцэх газраас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулж, холбогдох хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тус байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нь коронавирусийн цар тахалтай холбогдуулан Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн цэвэр, бохир усны төлбөрийн хөнгөлөлт дээр үнийг хуурамчаар нэмэгдүүлэн бичиж, улсад их хэмжээний хохирол учруулж буй нөхцөл байдлыг АТГ-аас тогтоож, шалгаж байгаа ажээ.
Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард Авлигын эсрэг комисс ажиллууж эхэлсэн бөгөөд тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж буй нь эрх баригчидтай, цаашилбал намынхантай л "хүч" үзэх нөхцөл байдлыг хүссэн хүсээгүй үүсгэнэ. Авлигатай тэмцэнэ гэдэг нь бол Ардын намынхаа болохгүй бүтэхгүй бүхэнтэй, бас эрх барьж буй албан тушаалтнуудтай л шууд тэмцэнэ, зөрчилдөнө гэсэн үг юм” гэж хэлсэн.
Тэгвэл уг ажлын хүрээнд АТГ-аас төрийн бүхий л шатанд шалгалт явуулж эхэлсэн бөгөөд эхнээсээ шалгаж буй нь энэ аж. Өнгөрсөн сард ТЭЦ III төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат тэргүүтэй төрийн албаныхныг авлига, албан тушаалын хэрэг үүсгэн шалгасан нь ч үүнтэй холбоотой гэж эх сурвалж мэдээлэв.