Энэ оны нэгдүгээр сарын 19-ний орой “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гаргасан алдаанаас болж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Иймд Д.Нямхүү “Ажлаас нь хууль бусаар халсан” хэмээн буцаж томилогдох хүсэлт бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Мөн шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлд дурдсан.
Тэгвэл Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2021.08.12/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нэхэмжлэлийг авч хэлэлцээд Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэр гаргасан байна.